Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв, Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлсэн тухай болон 2016 оны цахим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яамны цахим шуудангийн хаягийг хуурамчаар дуурайлган хийж, фэйбсүүк хуудаст \”Чех улсад ажиллах урт хугацааны визний цаг гаргуулна” гэх зар тараан, Бүгд Найрамдах Чех улсын элчин сайдын яаманд ажилладаг хэмээн итгүүлж, хохирогчийн цахим шуудангийн хаяг руу хуурамч шууданг илгээж, 30 минутын дотор мөнгө шилжүүлэхгүй бол цуцлагдана хэмээн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг 2016 оны наймдугаар сараас эхлэн үйлдэж байсныг тогтоожээ.
Энэхүү хэргийн зохион байгуулагчаар 1967 онд төрсөн, Улаанбаатар хотын харьяат А, хамтран үйлдэгчээр 1987 онд төрсөн У-г сэжигтнээр татаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Дээрх этгээдүүд урд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэний улмаас ял шийтгэгдэж байжээ. Сэжигтнүүд одоогийн байдлаар нийт 35 иргэнээс 32 сая төгрөгийг залилан мэхэлж авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа юм.
Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
227.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ онд нийт 57 холбогдогчтой, 2.044.040.0 /хоёр тэрбум дөчин дөрвөн сая дөчин мянга/ төгрөгийн хохиролтой, 60 хэрэг, үйлдлийг илрүүлэн холбогдох албадад шилжүүлж ажиллажээ.
Тухайлбал, Цахим орчинд компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14, иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг хоёр, интернэт орчинд садар самуун сурталчилсан хоёр, интернэт орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан хоёр, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн 10, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг хоёр , галт зэвсэг худалдсан нэг, мансууруулах бодис хадгалсан нэг хэргийг илрүүлэн, шалгасан байна.