Оросын “Дорнын эдийн засгийн чуулган-2022” энэ өдрүүдэд Владивосток хотноо үргэлжилж байна. Форумд, Хятад, Мьянмар, Армени, Монгол, Өмнөд Солонгос зэрэг нийт 60 орны 5000 төлөөлөгч оролцож байгаа аж. Харин 25 орны дипломат төлөөлөгч биечлэн болон цахимаар оролцож байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Биечлэн оролцож байгаа орнууд дундаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн улс нь БНХАУ гэж эх сурвалж онцолсон байна. Хятадаас Дорнын эдийн засгийн форумд оролцохоор 205 хүн Владивостокт очжээ. Харин Монголоос 34, Мьянмараас 87, Энэтхэгээс 23, Армениас 22, Өмнөд Солонгосоос 20 төлөөлөгч форумд оролцож байгаа юм байна.
Есдүгээр сарын тавнаас наймны хооронд Владивосток хотод үргэлжлэх энэ форумын нэгдсэн хуралдаан есдүгээр сарын долооны өдөр болно. Үүнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин очсон бөгөөд тэрбээр энэ үеэрээ гадаадын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийх аж.
Путин, Л.Оюун-Эрдэнийн уулзалтаар УЦС яригдана, гэхдээ ОХУ экологио чухалчилна
“Манай хоёр орны шинжээчид хил дамнасан Сэлэнгэ голын нутаг дэвсгэр дээр Монгол Улс гидротехникийн байгууламж барихаар төлөвлөж байгаатай холбоотой асуудлуудыг судалж байгаа. Оросын талаас Байгал нуур болон ойр орчмын бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг сайтар хангах эрхэм зорилготой” хэмээн Ушаков мэдэгджээ.