Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежуудын 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Тус шалгалт 2022 оны 8 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 02 өдрүүдэд явагдсан бөгөөд төрийн болон төрийн бус өмчийн 305 байгууллага хамрагдлаа. Үүнд сургуулийн өмнөх боловсролын 189, ерөнхий боловсролын 106, мэргэжлийн боловсролын 10 байгууллагад хяналт шалгалтын үйл ажиллагаа явууллаа.
Шалгалтын хугацаанд 979 зөрчил илрүүлж, 222 буюу 22.6 хувийг арилгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 83 цэцэрлэг, 35 сургуульд улсын байцаагчийн 508 заалт бүхий 118 албан шаардлага өгч, биелэлтийг тооцлоо.