Цахим хөгжил харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамын сайд нар өнөөдөр/2022.09.16/ уулзаж эрүүл мэндийн салбарыг цахимжуулах талаар ярилцлаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдиргэд цахимаар эрүүл мэндийн үйлчилгээ авах цагийг аваад олон хоног хүлээдэг гэх асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цаг аваад шууд маргааш нь үзүүлнэ гэж байдаггүй юм. Яаралтай амь тэнссэн үед аль ч эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн тусламжийн тасгаараа үйлчилгээгээ үзүүлнэ.
Харин төлөвлөгөөт буюу амбулаториор үзүүлэх гэсэн хүн тухайн эмнэлгийн өгсөн цаг дээр л үзүүлнэ. Энэ нь аль ч улсад байдаг. Жишээлбэл, Англид хагалгаанд орсон хүн дараагийн эмчийн хяналтад орох гээд сарын дараа оочероо аваад байж байдаг. Манай ард иргэдэд нэг ойлголт байгаа нь цаг аваад маргааш нь, хоёр хоногтоо багтаад үзүүлээд гараад явах.
Энэ бол аль ч улсад байдаггүй тогтолцоо шүү.
Яаралтай тусламж шаардлагатай амь тэнссэн хүн байвал аль ч эмнэлгийн яаралтай тусламжаар үйлчилгээгээ авна. Түүнээс амбулаториор үйлчлүүлж байгаа хүн бол авсан цагтаа арван хоногийн дараа авсан цагтаа заавал очих ёстой.
Харамсалтай нь, үүн дээр судалгаа хийж үзэхэд, манайхан цаг авчихдаг ч тэр цагтаа очдоггүй. Өдөрт гучин хүн нэг эмчид үзүүлэх байснаас шүүгээд үзэхээр тал хувь нь ирээгүй байдаг. Ямар нэг байдлаар ар өврийн хаалга, танил тал, өөр эмнэлэгт ч юм уу үзүүлсэн байдаг.
Тэгэхээр тэр цагт үзүүлэх ёстой хүмүүс дахиад хойшилж байна гэсэн үг. Ядаж үүнийг иргэд баримталдаг болох хэрэгтэй” хэмээн ярилаа.