“Монголын Цахилгаан Холбоо” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломжтой утасны бүхээгийг Улаанбаатар хотын гурван сургуульд, орон нутгийн нэг сургуульд байршуулжээ.
Тэд сурагчдад, ялангуяа бага ангийн сурагчдад “Итгэлтэй утас” гэх агуулгыг түгээж аав, ээж, асран хамгаалагчтайгаа 2 минутын турш үнэгүй ярих боломжтой утсыг суурилуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн байна.
Бид энэ талаар тус компанийн маркетингийн албаны менежер О.Цолмонтой холбогдож тодрууллаа.
-Үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг байршуулснаар ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийг аливаа эрстлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих, шаардлагатай үед холбогдох хэрэгцээ шаардлагыг дэмжиж ерөнхий боловсролын сургуулиудад “Итгэлтэй утас”-ыг байршуулж эхэлсэн.
Түүнчлэн, ялангуяа бага насны хүүхдүүдийг ухаалаг утасны хамаарлаас холдуулах, эцэг, эх, асран хамгаалагчтайгаа холбоо барих боломжийг олгох зорилготой. Бага ангийн хүүхдүүд гар утас хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Утсаа алга болгох зэргээр эрстэл үүсдэг.
-Орон нутгийн сургуульд анх удаа байршуулсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид бүх сүлжээнд 2 минут үнэгүй ярих боломжтой утасны бүхээгийг орон нутагт байршуулах ажлыг Дархан-Уул аймгийн 4-р сургуулиас эхлүүллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуульд утасны бүхээгээ суурилуулсан.
-Цаашид хэчнээн сургуульд утасны бүхээг байршуулахаар төлөвлөж байгаа бол?
-Бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дараа дараагийн сургуулиудад утасны бүхээг суурилуулах ажлаа үргэлжлүүлэх болно.
Манай компанийн зүгээс ирэх онд орон даяар ерөнхий боловсролын сургуулиудад энэхүү “Итгэлтэй утас”-ыг байршуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Утасны бүхээгийн самбарт хүүхдүүдийн яаралтай үед холбоо барьж болох онцгой байдал, цагдаа, түргэн тусламж, хүүхдийн тусламжийн утасны дугаарыг бичжээ.
“Монголын Цахилгаан Холбоо” ХК төв салбарынхаа гадна мөн 2 минутын турш үнэгүй ярих, гар утсаа цэнэглэх боломжтой суурин утасны бүхээгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байршуулж байсан юм.