УИХ-ын чуулганаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хэд хэдэн асуултыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тавив.
“Энэ хууль батлагдсанаар авлигын индекс сайжирна гэсэн тооцоо судалгаа байгаа юу?
Шүгэл үлээж байгаа нөхөр бүх талаар хууль зүйн хамгаалалт авах юм байна. Нөгөө талд нь байгаа хүн бас эрхээ хамгаалуулах эрхтэй. Мөрөөрөө байж байгаад хэн нэгэнд гүтгүүлэх асуудал ямар байгаа билээ, манайд хуулийг яаж гуйвуулдаг билээ. Тэр дундаа энэ хуулийг сонгуулийн үеэр өргөн ашиглах юм байна.
Нууцын тухай хуулийн цаана том төсөл хөтөлбөрүүд дээр авлига, ашиг сонирхлын асуудлууд чинь байна. Энэ болгоноо нууцын зэрэглэлд хамаатай гэж хаачхаад Шүгэл үлээгчийн хуульд хамаарахгүй гэчхээр үр дүн гарахгүй” гэдэг байр суурийг Ц.Сандаг-Очир илэрхийлэв.
Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулахдаа:
“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас бидэнд өгч байгаа зөвлөмж дээр дараах зүйлийг нэлээд анхаараач гэж байгаа.
- Нэгдүгээрт, улс төрийн намын санхүүжилтийнхээ асуудлыг тодорхой болгохгүйгээр том байр урагшлахгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа.
- Хоёрдугаарт, төрийн болон орон нутгийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруулж, нээлттэй компани хэлбэр рүү шилжүүлэхгүйгээр авлигын төсөөллийн индексийг урагшлуулахад том ахиц үзүүлэхгүй гэж байгаа.
- Гуравт, бүх нийтийн хяналтын эрх зүйн орчныг тодорхой болго гэдэг гурван зүйл дээр илүү төвлөрч зөвлөмжүүд өгч байгаа.
Бид төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх эсэх нь шийдэгдээд явж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулах Ажлын хэсэг Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулаад явж байгаа. Энэ ондоо өргөн барина гэж найдаж байна. Энэ гурван хуулийнх нь эрх зүйн орчин бий болно. Ингэсэн тохиолдолд авлигын индексээр хоёр оронтой тооноос бүр илүү доошоо орох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэв.
“Төрийн болон албаны нууцын тухай хуулиар аж ахуйн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байя гэдэг зохицуулалтыг оруулахаар ХЗДХ-ийн яаманд Ажлын хэсэг гараад ажиллаж байна”
Мөн “Бид хэд хэдэн зөвлөхүүдтэй уулзаад зөвлөгөө аваад явж байгаа.
Томоохон төсөл хөтөлбөрийн ард томоохон авлига яригддаг гэж таны хэлдэг зөв. Жишээ нь “Голомт” банк ямар ч тендергүй оффтек нөхцөлөөр төмөр замын төслийг аваад явж байгаа. Төмөр замын төслийг авахдаа төртэй байгуулсан оффтек гэрээнийх нь нөхцөл нь 1%-ийн хүүтэй, цаашаа зарж байгаа гэрээнийх нь үнэ бас өөр. Дахиад дараагийн төсөл авна гээд явж байгаа. Банк бол банкныхаа л ажлыг хийх ёстой. Энэ асуудлууд дээр бид шүгэл үлээх ёстой. Иймээс таны хэлж байгаа Төрийн болон албаны нууцын тухай хуульд бид өөрчлөлт оруулъя. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар аж ахуйн шинж чанартай төсөл хөтөлбөрүүдийг төрийн болон албаны нууцад хамааруулахгүй байя гэдэг зохицуулалтыг оруулахаар ХЗДХ-ийн яаманд Ажлын хэсэг гараад Төрийн нарийн бичгийн дарга Т.Сайнзоригоор ахлуулаад явж байгаа. Б.Энхбаяр гишүүн ч энэ тухай хэлж байгаа.
Энэ бол матаас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гааль, Нийгмийн даатгал, Татвар гэх мэт байгууллага дээр дунд шатанд авлига гэдэг зүйл тасрахгүй байна. Хууль хяналтын байгууллага үүнийг дийлэхгүй байна. Олон нийтийн хяналтын доор шийдье л гэж байгаа юм” гэлээ.