Их Британийн дараагийн ерөнхий сайдад өрсөлдөх Консерватив намын сунгаанаас нэрээ татаж байгаагаа экс ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр зарлажээ.
Хэдийгээр сүүлчийн шатанд хүртэл өрсөлдөх хангалттай санал авч чадах ч улс орон болон Консерватив намд эв нэгдэл чухал гэсэн шалтгаанаар тэр нэрээ татсан байна.
Жонсоныг залгамжилсан Лиз Трасс зургаан долоо хоног ажилласны дараа огцрох болсон юм. Трассын дэвшүүлсэн эдийн засгийн хөтөлбөр тус улсын санхүүгийн зах зээлд үймээн самуун, тогтворгүй байдал үүсгэсэн тул огцрохоос өөр аргагүй болж байв. Ингэснээр Жонсоны танхимд сангийн сайдаар ажиллаж байсан Риши Сунак сунгаанд ялах магадлал өндөр болж байна.
Борис Жонсон өөрийгөө 102 санал авах боломжтой гэж тооцоолсон ч бусад нэр дэвшигчидтэй “үндэсний эрх ашиг” дээр санал нэгдэж чадаагүй тул нэрээ татсан гэжээ. Нэг биш, хоёроос дээш тооны нэр дэвшигч 100-аас дээш санал авсан тохиолдолд хоёр дахь шатны өрсөлдөөн гарч, шинэ ерөнхий сайдын нэрийг Баасан гарагт дэвшүүлэх ёстой.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Сунак одоо 150 орчим санал цуглуулж, өрсөлдөөнд илт давамгайлж байгаа гэнэ.
Одоо 42 настай Риши Сунак нь энэтхэг цагаач гэр бүлээс гаралтай. Тэрбээр Борис Жонсоны танхимд сангийн сайдаар ажиллаж байгаад өнгөрсөн оны долдугаар сард ерөнхий сайдынхаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэж, албан тушаалаасаа огцорч байсан юм.
Эх сурвалж: Reuters