Нийслэлийн түгжрэл, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах зэрэгтэй холбоотой 300 гаруй асуудлыг 36 болгож багцалжээ.
Үүнээс 27-г нь үндэсний компаниудтай хамтран шийдэхээр ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар нь 12 нь хэрэгжиж эхэлсэн гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр хэллээ.
Цаашид үе шаттайгаар төслүүдийг хэрэгжүүлснээр 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд Улаанбаатар хот цахим хот болох юм байна. Уг ажлын зардал 23 тэрбум бөгөөд хэрэгжүүлснээр гарах шууд болон дам нөлөөг мөнгөөр хэмжишгүй, энэ бол хөгжлийн хурдасгуур хэмээн тэрбээр мөн онцолсон.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг эрэмбэлбэл түгжрэл толгой цохих нь ойлгомжтой. Иргэд түгжирсээр ихэнх цагаа зам дээр өнгөрүүлж буй.
Харин дарга нар замаа татуулж, өөрсдөө түгжрэхгүй явдаг уу гэдгийг сэтгүүлчид нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас тодруулахад “Би түгжрээд явж байгаа. Гэхдээ заримдаа маяак(тусгай дуут дохио) татаад ордог, үнэнээ л хэлье. Засгийн газрын хуралдаанд, энд тэнд дуудагддаг. Яармаг явчихвал ирэх гэж хоёр цаг болно. Харин ойрхон бол алхаад явчихдаг” гэж хариуллаа.
Мөн тэрбээр “Яармагийн түгжрэлийг бууруулахын тулд гүүрэн байгууламж хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын хамгийн урт гүүрэн байгууламжийн ажлыг хувийн хэвшлийнхэн хийхээр гүйцэтгэлээрээ санхүүжилтээ аваад эхлүүлчихсэн. Богд уулынхаа хойд хормойгоор хурдны замтай холбогдож, Яармагийн ачааллыг 50 хувь бууруулах бүтээн байгуулалтын ажил.
Түгжрэлийг илбийн юм шиг шийдчихгүй. Жишээлбэл, Яармагийн түгжрэлийг нийтийн тээврээр шууд шийдчихгүй. Бууруулахын тулд хоёр түвшний огтлолцох гүүрэн байгууламж барих, ухаалаг удирдлагын системийг бий болгох, зөрчил гаргасан, торгууль хураамж төлөөгүй зэрэг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэх мэтчилэн асуудал бүрд хариуцлагын тогтолцоог бий болгож байж, түгжрэлийг 5-10 жилийн дотор үе шаттайгаар бууруулна” хэмээлээ.