Онгоц газардаж байх үед нь дугуй нь буудаж хагарсан тохиолдлын талаар бараг л сонсогдож байгаагүй. Энэ мэдээж хүн бүрт хачирхалтай санагдах нь гарцаагүй. Бараг байшингийн жинтэй биет 280 км/цагийн хурдтай явж байгаад ямар ч асуудалгүй газардана.
Ийм учраас нисэх онгоцны дугуй гэдэг зүйл ямар гайхалтай болох нь ойлгомжтой. Дундаж нисэх онгоцны дугуй гэхэд 38 тоннын даацтай байдаг. Хээг нь дахин шинэчлэх хүртэл бараг 500 удаа ашиглах боломжтой бөгөөд хээг нь дахин сэргээснээр 7 дахин илүү ашиглаж болно.
Boeing 777 нийт 14 дугуйтай, Airbus А380 гэхэд 22 дугуйтай байдаг бол үлэмж том Antonov AN-225-д 32 дугуй шаардлагатай байдаг. Эдгээр дугуйн тэсвэртэй байдалд гол нөлөөлдөг зүйл бол хийн даралтыг нь хамгийн их байлгадагт юм хэмээн Michelin Нисэх онгоцны дугуйн үйлдвэрлэгч компанийн инженер Ли Бартоломев хэлжээ.
Энэхүү нисдэг хүлгийн дугуйг ойролцоогоор 200 psi-р хийлдэг бөгөөд энэ нь энгийн автомашинаас зургаа дахин их. Харин F16 байлдааны хүлгийн хийг 320 psi хүртэл хийлдэг байна. Лигийн хэлснээр \”Дугуй маш их хийтэй байснаар илүү хүчтэй болдог” гэлээ.
MICHELIN-ИЙН ИНЖЕНЕРИЙН ХЭЛСНЭЭР ЭДГЭЭР ДУГУЙГ ХЭТ ИХ ХИЙЛСНЭЭР ХАГАРАХ БОЛОМЖГҮЙ БОЛДОГ. ХАРИН ЖОЛООДЛОГЫН НӨЛӨӨЛӨЛ НЬ ӨӨРЧЛӨГДДӨГ ГЭСЭН ЮМ.
Нисэх онгоцны дугуй нь тийм ч том байдаггүй. Boeing 737 гэхэд 27×7.75R15 дугуйн дээр явдаг. Өөрөөр хэлбэл 70см диаметртэй, 20 см-н өргөнтэй, 15 инчийн обудтай байдаг. Хажуу бөөр нь ч тийм аймшигтай зузаангүй ба гол хамгаалалтын утаснууд нь хээний доороо байдаг хэмээн Бартмоловев хэлсэн юм.
Дугуйн материалын дийлэнх нь нейлон бөгөөд сүүлийн үед арамид хэмээх материалаар хийгдэх болжээ. Дугуйн давхрага бүр ачаалал даах болон даралт тэсвэрлэх чанар нь өндөр байдаг. Мэдээж хэрэг дугуй хагарч болох боловч гол шалтгаан нь хийг бүрэн хийлээгүй эсвэл хэт ачаалалд орсноос болдог. Мөн дугуйн хээ элэгдсэнээс болж хагардаг байна.
Онгоц газардаж байх үед дугуйнууд нь эргэлддэггүй бөгөөд газартай шүргэлцэж гулгадаг байна. Нисэх онгоц газардах үеийн дугуйн эргэлтийн хурд онгоцны хурдтай ижил түвшинд очихыг тулд үрэлдэж утаа гардаг. Мөн дугуйн хээг автомашины дугуйтай адил блокон хээгүй, тууш судлуудтайгаар хийдэг. Учир нь блоктой хээнүүд үрэгдэж дугуйг хагалах эрсдэлтэй. (Ихэнх хээний элэгдэл нь газартай хүрэлцэх үед үүсдэг). Энэхүү хүчирхэг дугуй нь 465 км/цаг хүртэл хурдлах чадвартай байдаг гэнэ.
Michelin компанийн хувьд ийм төрлийн хүчирхэг дугуйг үйлдвэрлэхийн тулд компьютер дээр загварыг гаргаж бүх зүйлсийг тооцдог байна. Үүний дараагаар дугуйнд хэт ачаалал өгөх, хурдны заалтаас хэтрүүлэх зэрэг туршилтыг хөөрөх, буух үед нь хийж шалгадаг.
Нисэхийн стандартын дагуу эдгээр дугуй нь тодорхой шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Жишээ нь дугуй заагдсан хэмжээнээсээ гурав дахин их даралтыг дор хаяж 3 секундийн хугацаанд тэсвэрлэх ёстой байдаг гэнэ.
Эх сурвалж: www.cardoctor.mn