Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд өнөөдөр Монголд ирсэн байна.
Монголчууд түүнийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх номын зохиогч гэдгээр нь сайн мэддэг.
Тодруулбал, Жак Уэтерфордын 2004 онд бичин хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна.
Тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк Таймс” сонины хамгийн их борлуулалттай номын жагсаалтад хоёр долоо хоногийн туршид багтсан бөгөөд 300 мянга гаруй хувь зарагджээ.
Мөн Амазоны 2011 оны аудио номын уралдааны ялагчаар тодорсон хоёр номын нэг болж, тухайн жилээ CNN сувгийн долоо хоногийн шилдэг номоор шалгарсан байна. Уг ном сүүлд 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Нью-Йорк Таймс” сонины цахим номын жагсаалтын зургаадугаарт эрэмбэлэгджээ.
Жак Уэтерфорд нь 2010 онд “Монголын их хатдын нууц товчоон”, 2016 онд “Чингис хаан ба бурхны эрэлд: Дэлхийн хамгийн шилдэг эзэн хаан хэрхэн бидэнд шашны эрх чөлөөг өгсөн нь” бүтээлийг тус тус туурвисан.
“Монголын их хатдын нууц товчоон” ном бол Чингис хааны охидын талаар бичсэн анхны ном юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар