Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор Даваа гарагт нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагыг цахимаар хичээллүүлэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Мөн захирамжийн хүрээнд тухайн өдөр байгууллагын албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсөн байна.
Тодруулбал,
- Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
- Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
- Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
- Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
- Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.
Харин зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй аж.