Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар З.Энхболд хоёр нүүрсний мөнгөөрөө Бага тэнгэрийн аманд байшин барьж, тэндээ хор найруулж суудаг шүү
Засгийн газраас 2023-2025 оныг “…Монголд зочлох жил” болгож зарласан. Энэ хүрээнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн талаар хэлэлцжээ.
Тэр үеэр онгоцны түлшний үнэтэй холбоотой асуудал босч ирсэн байна.
Нэг үгээр хэлбэл, тийзний үнээс эхлээд олон зүйл онгоцны түлшний үнээс шалтгаалж байгааг албаныхан хэлжээ.
Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нийлүүлдэг монопол үнэтэй шатахууны талаар ярьж, нэлээд бухимджээ.
Тэрбээр “…Ц.Анандбазар З.Энхболд хоёр Бага тэнгэрийн аманд нүүрсний мөнгөөрөө байшин барьсан. Тэндээ хор найруулж суудаг. Харин төрийг найруулж чадахгүй шүү. Тийшээ нэлээд хэдэн шүүгч байн байн очдог.
Нүүрсчид нийлж байгаад гурван шатны шүүхийг зад татаад гараад ирдэг юм байна. Хүчтэй байна. Тэрийг нь харлаа, үзлээ. Гэхдээ олон нийт ийм хуйвалдааныг чинь таашаахгүй байгаа шүү” гэжээ.
Энэ “үг”-тэй холбоотойгоор өчигдөр улс төрийн хүрээнийхэн “…Ерөнхий сайд юу гээд хэлчихсэн юм бэ, З.Энхболд нүүрсний хулгайд холбогдчихсон юм уу” гэцгээж байна.
ЗУУНЫ МЭДЭЭ сонин