УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонсож байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Одоо үүсээд байгаа манай улсын нийт гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.доллар бол түүний 24% болох 8.1 тэрбум ам.долларын өр Засгийн газрынх байгаа юм. Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ талаар хэлэлцэж байна.
Сүүлийн жилүүдэд манай улс гадаад өр авахаас зайлсхийж, бондын өрөө улсын төсвөөс бага багаар төлөх зарчмыг баримталж байна.
Монгол хүн бүр 34 сая төгрөгийн гадаад өртэй гэсэн мэдээлэл тарааж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэнэ гэж сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа. Энэ нь цэвэр улс төрийн зорилготой мэдээлэл юм.
Гадаадын өндөр хөгжилтэй улс орны нийт өрийн хэмжээг хүн амтай нь харьцуулахад:
- Люксембургийн нэг иргэнд зургаан сая ам.доллар
- Исландын нэг иргэн 56,000 тэрбум ам.доллар
- Хонконгийн нэг иргэнд 248,000 ам.доллар
- Сингапурын нэг иргэнд 326,000 ам.доллар
- Швейцарын нэг иргэнд 265,000 ам.доллар
- АНУ-ын нэг иргэнд 73,000 ам.доллар төлж барагдуулах мэт буруу ойлголт төрүүлж байна” гэж мэдэгдлээ.
Монгол Улсын гадаад өрийн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Гадаад өрийн хэмжээ гурван хэлбэрээр өсөж байгаа. Нэгдүгээрт төсвийн алдагдлаас болж өр үүсдэг.
Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын төсөвт нийт 11 их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Энэ мөнгөөр гурван Чингис бонд гаргаж болох байсан.
Хоёрдугаарт, бонд босгож өр үйлдвэрлэж байна. Засгийн газар, Хөгжлийн банкны нийтдээ 11 бонд босгосны ес нь Ардчилсан Намд хамаатай гэж дайрдаг. Ингэхээ болих хэрэгтэй.
Гуравдугаарт, тооцоо судалгаагүй хөтөлбөрүүдийн 15 их наяд төгрөгийн өр байна. Хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Чингис бонд руу дайраад байх юм.
2016 онд монгол хүн бүр 15,000,000 төгрөгийн өртэй болчихлоо гээд матрын нулимс унагааж байсан. Гэтэл тухайн үед Засгийн эрх барьсан МАН өнөөдөр тэр өрийг нэг дахин өсгөсөн байна.
Мөн тухайн үед инфляцын түвшин 1.2 байсан бол өнөөдөр манай улсын инфляцын түвшин 15 болсон. Энэ нь бодит байдал дээр 20 давчихсан байгаа.
Өр тавьж болох ч баялаг бүтээх салбар руу хөрөнгө оруулалтыг татах ёстой. Чингис бондын хүрээнд 888 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн учраас өнөөдөр төсвийн орлого чинь сүрхий биелээд явж байгаа” гэсэн юм.