Цус сэлбэлт судлалын үндэсний төв /2017.01.03/ \”Цусны донорын өдөр” болгон зарлаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр боллоо. Энэ нь цусны донорын тоог нэмэх, тэднийг алдаршуулах зорилготой юм байна. Идэвхтэй доноруудыг иргэдэд таниулахын тулд эхлээд тэднийг алт, мөнгө, хүрэл донороор тодруулж, бахархлын тэмдгээр шагнах ёстой гэж ЦССҮТ-ийнхөн үзжээ.
Сүүлийн таван жилийн дотор бусдын амийг аврахын тулд цусаа хандивлах иргэний тоо 10 мянгаар нэмэгджээ. Гэвч цусны нийлүүлэлтээ дагаад эрэлт нь өссөн байна. Ялангуяа II, III буюу (A, B) бүлгийн цус эрэлт ихтэй, эмнэлгүүд түгээмэл захиалдаг аж. ЦССҮТ-өөс Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, төрөх эмнэлгүүд тогтмол донорын цус авдаг гэлээ. Тус төв өдөрт 80-100 иргэнээс цус авч байж, нөөцөө бүрдүүлдэг байна. Доноруудын бэлэглэсэн цусыг үйлдвэрийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг ЦССҮТ -80 хэмд хоёр жил хадгалдаг юм. Ялтаст эсийн бүтэцтэй буюу өтгөрүүлсэн бүтээгдэхүүнийг тав хоног хадгалж, эмнэлгүүдэд нийлүүлдэг аж. Сүүлийн үед дусал цусыг эмч нар өвчтөнүүдэд хамгийн ихээр сэлбэдэг болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас залуусыг цусны донор болж бусдын амь нас, эрүүл мэндийг авраарай хэмээн уриалсаар байгаа. Тэгвэл Монгол Улсад ч энэ уриалга биелэлээ олж, 35 хүртэл насны залуус донор болох нь нэмэгджээ. Энэ дунд 15 жил тасралтгүй цусаа хандивлаж, өөрт ч, өрөөлд ч буян үйлдэж буй олон иргэн байна. ЦССҮТ-өөс цаашид 70-аас дээш удаа цусаа хандивласан донорыг \”Хүрэл донор”, 10-аас дээш өгөлттэй иргэдийг \”Мөнгөн донор”, 150 дээш удаа цусаа өгсөн иргэдийг \”Алтан донор”-оор өргөмжилж байхаар болжээ. Мөн 10-20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг \”Бахархал 10”, \”Бахархал 20” тэмдгээр алдаршуулах юм.
Цусаа хандивлах иргэд нэмэгдсэн ч, эрэлт нь тасрахгүй байгааг ЦССҮТ-өөс мэдээлсэн. Энэ нь иргэдийн дунд хавдар болоод төрөлтийн өвчин жил ирэх бүр ихэссэнийг илтгэнэ гэлээ. Иймээс цусаа хандивлах иргэдийн урсгалыг зогсоохгүй, улам идэвхжүүлэх шаардлагатайг ч эмч ярилаа. Иргэдийг цусны донор болохыг уриалж, ЦССҮТ зургаан сар тутамд \”Цусаа бэлэглэх өдөр”, \”Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг болж буй гэлээ.