Нийслэлийн агаарын чанарын индексийн 11:30 цагийн хэмжилтээр Баянхошуунд 661 буюу “Маш их бохирдолтой” байна.
Тухайн хэсгийн сүүлийн 24 цагийн хамгийн муу үзүүлэлт нь өчигдрийн 22:00 цагт таарчээ. Дурдсан цагт Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 1,119 болов.
Мөн өнөөдрийн 11:30 цагийн байдлаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Шархад, Хайлааст, I хороололд агаарын чанарын индекс 310-355 байгаа нь агаар их бохирдсон байгааг илтгэнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод -14 градус хүйтэн, салхины хурд 1м/с байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд сайжруулсан шахмал түлш хэрэглээд нийслэлчүүд гурав дахь өвөлтэйгөө золгосон. Мөн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх гэх зэрэг арга хэмжээнүүд хэрэгжүүлсээр буй ч Улаанбаатар хот утаатай хэвээр байна.