Хөгжлийн Банкны гурав дахь удаагийн сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна.
Үдээс хойших сонсголоор Хөгжлийн Банкны мөнгөн хөрөнгийн удирдлагын асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчийн дүгнэлт “Хөгжлийн Банк нь Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 45 сая ам.долларын нэг жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй хадгаламжаа татсан. Энэ нь алдсан боломжийн асуудал болж байгаа юм. Тус эх үүсвэрээр “Кью Эс Си” ХХК-д 71 сая ам.долларын зээлийг дөрвөн жилийн хугацаатай найман хувийн хүүтэй олгосон нь тухайн үеийн долларын эх үүсвэрийн бодит өртгөөс 6.25 нэгжээр олгосон байна. Зээлийн хугацаанд долларын эх үүсвэрийн бодит өртөг 5.8-7.5 хувь байсан” хэмээн гарсан байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Худалдаа хөгжлийн банкнаас 45 сая ам.доллароо татаад тус банкны хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК-д зээл болгож олгосон. Хадгаламжаас олж болох байсан хүүгийн орлогыг Хөгжлийн Банк дээр алдагдал болгож үүрүүлсэн механизм явуулсан байгаа юм. Энэ шийдвэрийг тухайн үеийн Хөгжлийн Банкны Хөрөнгө удирдлагын нэгжийн захирал гарын үсэг зурсан байна.
Нэгдүгээр сард “Кью Эс Си” ХХК-тай холбоотой зээлийн асуудалд гарсан шинжээчийн дүгнэлтээр А.Бат-Оргил нь Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нь төрсөн эгчийнхээ хүүхдийг Хөгжлийн Банканд оруулсан юм уу, өөрөө орсон.
Тэр нь өөрийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банктайгаа хадгаламжийн гэрээ хийгээд, яг хугацаа дуусахаас өмнө мөнгөө татсан. Хөгжлийн Банк дээр хамгийн их хэмжээний мөнгө олж болох байсан боломжийг үгүй болгосон. Эргээд татсан мөнгөөрөө Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК-нд зээл олгосон байна. Энэ бүх процессод оролцсон нотлох баримт тогтоогдсон. А.Бат-Оргил нь гэрчээр дуудагдсан боловч ирээгүй.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: “Кью Эс Си” ХХК-тай холбоотойгоор нэг хардалт төрж байна. Банкуудад хамаарал бүхий этгээдэд олгох дээд хязгаар гэж байдаг. “Кью Эс Си” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компани учраас тодорхой хэмжээний зээлийн хязгаар гэж байгаа. Тиймээс Хөгжлийн Банк руу депо хийгээд “Кью Эс Си” ХХК руу оруулсан дүр зураг харагдаж байна. Үндсэндээ Монголбанкнаас гаргасан журмыг яаж зөрчих вэ гэсэн санхүүгийн механизм харагдаж байна.