АНУ-ын Миссисипи мужийг дайрсан хүчтэй хар салхины улмаас 25 хүн амиа алджээ. Түүнчлэн Алабамад нэг хүн гамшигт амь үрэгдсэн байна.
Хөдөөний жижиг хотууд гамшигт хамгийн ихээр өртжээ. Мод, цахилгааны шонгууд хүчтэй шуурганд унасны улмаас олон мянган айл өрх цахилгаангүй болжээ.
Хар салхи хүчтэй аадар бороо болон зарим хэсэгт гольфийн бөмбөгний хэмжээтэй том мөндөр дагуулсан байна. Миссисипи мужийн баруун хэсгийн жижигхэн хот болох Роллинг Форк хот хар салхинд бараг бүрэн сүйдсэн гэдгийг албаныхан хэлж байна. Тус хотод хар салхи нүүрлэхийн өмнө гадаа гэнэт ер бусын нам гүм болж, тэнгэр харанхуйлан удалгүй трансформаторууд хаа сайгүй буудаж эхэлсэн гэдгийг оршин суугчид ярьжээ. Роллинг Форкод олон хүн сураггүй болсон бөгөөд аврагчид байшингийн нурангиас хүмүүсийг аврах ажлыг явуулж байна.
Миссисипи мужийн захирагч гамшгийн бүсэд онц байдал зарласан байна. Ням гарагт Алабама, Жоржиа мужуудыг хүчтэй шуурга дайрна гэдгийг албаныхан анхааруулжээ.