26 жилийн хугацаанд завсарлаад байсан “Айзам 2” хамтлаг энэ Баасан гарагт тоглолтоо хийхээр болжээ.
Тодруулбал, тус хамтлагийн “Зүрх сэтгэлийн минь дуунууд” нэртэй тоглолт ганцхан удаа буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр UB palace-н концертын их танхимд болох аж.
Хит дуунуудаа сэргээж дуулна
Айзам хамтлагийн дэргэдээс үүссэн “Айзам 2” хамтлаг нь анх 1990 онд байгуулагдаж 1997 он хүртэл идэвхтэй уран бүтээлээ хийж байгаад завсарлажээ. Одоо зохиох гэж буй тоглолтоороо шинэ уран бүтээлээс гадна тэр үед дуулж байсан дуунуудаа сэргээж дуулна гэдгийг хамтлагийн ахлагч С.Гантөр хэлсэн юм.
Хамтлаг хамгийн сүүлд 1997 онд тоглолтоо хийсэн бөгөөд түүнээс хойш 26 жилийн дараа ахин тоглох гэж байгаа нь энэ аж.
Тоглолтод зочноор дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, Э.Минжинсор, Л.Энхмандах, С.Сэрчмаа болон Титэм, Салхи, Лумино зэрэг хамтлагууд оролцоно. Түүнчлэн өөрсдийн дуунуудаас гадна Айзам хамтлагийн зүрх сэтгэлд хоногшсон дуунуудаас дуулж танилцуулна гэдгийг тоглолтын продюсер дуучин Л.Энхмандах хэлсэн юм.
“Айзам 2” хамтлагийн дуунууд нь 1990-1997 оны үеийн залуучуудын дунд хит болж байсан бөгөөд тэдгээр дуунууд буюу Мөрөөдөл, Чиний харцанд, Хос алтанзул, Бороо, Дурсамж зэрэг дуунуудаа дуулна. Хамтлагийн хамгийн хит болсон дуун дээр гардаг “Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон” гэх үгнээс улбаалж тоглолтын нэрээ өгсөн гэдгийг хамтлагийнхан онцолж байлаа.
Тоглолтын найруулагчаар найруулагч, продюсер Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм байна.
Тоглолтын тасалбар ticket.mn дээр зарагдаж байгаа аж.