ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл танилцууллаа.
Тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт 3,238 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарт 44,000 орчим хүн ажиллаж байгаа. Хөнгөн үйлдвэрийн салбар нь жилд 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2022 оны жилийн эцсийн байдлаар 507.8 сая ам.долларын экспорт хийсэн байна.
Хөнгөн үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох ноолуурын салбарын экспорт 444.4 сая ам.долларт хүрч, 2019 онтой харьцуулахад 15.8 хувиар өссөн” гэдгийг хэлсэн юм.
Харин цаашид хэрэгжүүлэх ажлын талаар “Дархан-Уул, Ховд аймагт үйлдвэр технологийн парк байгуулах арга хэмжээг төлөвлөөд байна. Дархан арьс ширний цогцолбор, Шинэ Ховд аж үйлдвэрийн парк, Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийг бүсчлэн байгуулснаар арьс ширийг бүрэн боловсруулах боломж бүрдэнэ. Үүний үр дүнд малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулж, экспортын бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх юм.
Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн паркийг тус аймгийн Жаргалант суманд 100 га газарт байгуулахаар төлөвлөсөн. Нийт 19 үйлдвэр баригдана. 51.8 сая ам.долларын экспорт бий болох тооцоололтой байна. Улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэх юм.
Өдөрт 200 бод, 500 бог төхөөрч, 500 литр сүү боловсруулна. Түүнчлэн жилд 3,000 тонн ноос, 300 тонн ноолуур, нэг сая ширхэг арьс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд баригдана. Уг паркийг байгуулах дэд бүтцийн ажилд зориулан 19.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөн. Дэд бүтцийн ажлыг 2024 онд хийж дуусгана. Өнөөдрийн байдлаар Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийн авто замын бүтээн байгуулалтын хөрс хуулалтын ажил эхэлсэн байна.
Дорнод аймагт мөн үйлдвэр технологийн парк байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээв.