Статистикийн тухай хуульд заасны дагуу Цаг ашиглалтын судалгааг 2023 онд 5 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү судалгааг 2000 онд туршилтын байдлаар харин 2007 онд улсын хэмжээнд албан ёсоор зохион байгуулж, 3200 өрхийг хамруулж байсан. Ийнхүү 4 жилд нэг удаа судалгааг хийж нийт 15 орчим мянган өрхийг хамруулсан юм.
Харин энэ удаагийн судалгаанд 23.4 мянган өрхийг хамруулан сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг нь үндэсний болон бүсийн түвшинд, байршлаар тооцон гаргахаар төлөвлөөд байна.
Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь өрхийн гишүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагийг тодорхойлж, улмаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өрхийн хөлсгүй хөдөлмөрийн оролцооны тэгш бус байдал, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, түүнчлэн бодлого боловсруулагчид, хэрэглэгчдийг мэдээллээр хангах юм.
Хамгийн сүүлд буюу 2019 онд хийгдсэн Цаг ашиглалтын судалгааны зарим сонирхолтой статистикуудаас:
Монгол хүн 1 өдөрт дунджаар:
9 цаг 12 минутыг унтахад
3 цаг 23 минутыг хөдөлмөр эрхлэхэд
2 цаг 35 минутыг гэрийн ажил хийхэд
2 цаг 14 минутыг хувийн хэрэгцээний үйл ажилагаанд
2 цаг 1 минутыг мэдээллийн хэрэгсэл ашиглахад
1 цаг 45 минутыг өрхийн хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд
38 минутыг сурахад
31 минутыг бусадтай харилцахад
6 минутыг спортоор хичээллэхэд тус тус зарцуулдаг байна.
Цаг ашиглалтын судалгааны түүвэрт сонгогдсон өрхийн гишүүн та судалгаандаа идэвхтэй хамрагдаарай.