УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх үеэр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “2020 оноос буюу сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэрэглээний сагс буюу үнийн түвшин дунджаар 34 хувиар өсссөн. Хамгийн их өсөлттэй бүлэг нь хүнсний бүтээгдэхүүн. Хүнсний бүлэг 56 хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор өрхийн хүнсний хэрэглээний зардал 60 орчим хувиар буюу 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь өрхийн орлогын харилцан адилгүй байдлаас шалтгаалан янз бүрээр нөлөөлж байгаа. Хамгийн өндөр орлоготой өрхийн зардлын найман хувь, бага орлоготой өрхийн зардлын 30 гаруй хувийг хүнсний бүтээгдэхүүний зардал эзэлдэг. Хүнсний зардлынх нь 70 орчим хувийг мах, гурилын худалдан авалт эзэлж байна” гэлээ.