УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Маргааш Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм байна. 152 гишүүнтэй болох юм гэнэ. Иргэдтэй уулзахдаа “УИХ-ын гишүүдийн тоог 98-аас дээш нэмж болохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо бол сонгогчдын саналыг гээдэггүй сайн тогтолцоо. Гэхдээ намын жагсаалтын ард хулгай хийдэг янз бүрийн хүмүүс ордог. Намыг санхүүжүүлчихээд буцаад мөнгө олох гэж зүтгэдэг нөхдийг оруулах нь буруу” гэж ярьж явсан.
Ирэх даваа гаригаас гишүүд тойрогтоо очиж УИХ-ыг 152 гишүүнтэй болгох тухай ярих юм байна. Би бол өөрийнхөө өмнө нь ярьсан зүйлээ л ярина. Улстөрч хүн нэг байр сууриндаа л байх ёстой гэж боддог. УИХ-ын гишүүн сонгогчдын саналыг төрд дамжуулах үүргээ л гүйцэтгэх ёстой. Гэтэл сонгогдож гарч ирчихээд энд ирээд өөр юм ярьдаг боллоо. ҮАБЗ, УИХ, Засгийн газрын гишүүд нь “152 болбол ийм ашигтай” гээд сурталчлаад байдаг. Гэтэл ард түмэн өөр зүйл ярьж байгаа. “100 ямаанд 60 ухна гэдэг шиг юун олон гишүүн бэ? Энэ 76 гишүүнийг яах вэ гэж байхад” гээд л ярьж байна. Та нар ирэх даваа гаригаас үнэнтэй нүүр тулна” гэлээ.