Цэвэр эрчим хүчинд шилжих шилжилт зэсээс шалтгаалах хэдий ч зэсийн зах зээлийн түгшүүрт ирээдүйн эхний дүр зураг Монголын уул уурхайн аварга төслөөс харагдаж байна.
Энэ оны эхээр “Rio Tinto” группийн удирдлагууд болон Монгол талын албаныхaн ажлын хувцсаар жигдэрсэн уурхайчдын хамтаар говьд, газрын гадаргаас доош нэг километр гаруйн гүнд болсон нэгэн нижгэр нээлтийн ёслолд оролцсон юм. Энэ нь зэсийн нөөцөөрөө дэлхийд толгой цохих гүний уурхайн нээлт байлаа. Энэ л өдрийг тэмдэглэх гэж дөрвөн арваны хугацаа зарцуулжээ.
БНХАУ-ын хилийн хойно, Монголын газар нутгийн өмнөд хэсэгт орших “Оюутолгой” бол зөвхөн төмрийн хүдэрт дулдуйдах бус цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал нөлөөтэй зэсийн зах зээлд мөн хүчтэй тоглогч болох “Rio Tinto”-ийн хүчин чармайлтад ус агаар мэт хэрэгтэй төсөл. Түүнчлэн бизнес, улс төр болоод техник технологийн хувьд ёстой л шандас шалгасан энэхүү аварга орд тус металлын асуудал дүүрэн ирээдүйн зах зухаас харуулж байгааг анзаарууштай.
Зэсийн эрэлт нэмэгдэхийн хэрээр үржил шимгүй тал газaрт орших, өртөг ихтэй, техникийн хувьд нарийн төвөгтэй, зэсийн салбарын уламжлалт зохицуулалт үйлчилдэггүй хэрнэ байгалийн баялгаа харамлан сахих засгийн газрын хараан доорх үүн шиг уурхайнууд нийлүүлэлтийг хангадаг болох магадлал нэмэгдсээр байна.
“Яггүй хямрал хаяанд байна” хэмээн хожмоо “Turquoise Hill Resources” буюу “Оюу Толгой” нэртэй болсон энэ ордод анхлан ажиллаж байсан геологичдын нэг Дуг Кирвин хэлж байлаа.
Нийт 200 км урт хонгил хэрж барьсан аварга байгууламж бүхий "Оюу Толгой"-д: Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Ирэх 10 жилд эрчим хүчний шилжилт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад шаардлагатай зэсийг ханган нийлүүлэх боломж байхгүй. Тийм зүйл болохгүй. Зүгээр л хангалттай тооны зэсийн орд илрүүлээгүй, хөгжүүлээгүй байна” гэж одоо бие даасан зөвлөх геологичоор ажиллаж буй Дуг Кирвин тодруулсан юм.
2040 он хүртэл илүү ногоон дэлхийг бүтээхэд зэсийн нийлүүлэлт зургаан сая тонн орчмоор дутна гэж “Wood Mackenzie”-ийн шинжээчид тооцоолсон нь энэ хугацаанд дахиад “Оюу Толгой” шиг 12 орд үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй гэсэн үг юм.
Гэхдээ тийм зүйл болохгүй нь. Учир нь хангалттай олон уурхай ч байхгүй, хангалттай том уурхай ч алга. Үр дүнд нь зөрүү үүснэ. “BloombergNEF”-ийн тооцооллоор бол боловсруулсан зэсийн эрэлт 2040 он гэхэд 53 хувиар өсөх бол уурхайн нийлүүлэлт 16 хувиар л өсөхөөр байна.
Ямартай ч уул уурхайн салбарын акулууд гараа хумхиад суухгүй байгаа нь тодорхой. 2000-аад онд БНХАУ тэргүүтэй орнуудын өдөөсөн их эрэлтийн дараа үүссэн илүүдэлд 10 гаруй жил харамссаны эцэст зэс эргэн хараанд өртөж, хэлцлүүд эргэн сэргэж байна. Ногоон эрчим хүчний гол металлын нийлүүлэлт нэмэгдэх шаардлага үүссэн нь Glencore компанийг зэсийн бизнесээрээ анхааралд өртсөн “Teck Resources” компанийг авах санал тавихад, мөн алтны олборлолтоор тэргүүлэгч “Newmont” Австралийн “Newcrest Mining” компанийг өндөр дүнгээр авч, алт төдийгүй зэсийн олборлолтын чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд хүргэсэн юм. “BHP Group” ч сүүлийн арав гаруй жилийнхээ хамгийн том хэлцлээ эцэслэж, зэс үйлдвэрлэгч “Oz Minerals”-ийг нэгтгэж аваад байна.
Үнэхээр амжилттай болсон ч бай эдгээрийн аль нь ч дэлхийн зах зээлийн тэнцвэрт нөлөөлж чадахгүй юм. Уурхай худалдан авахын оронд шинээр байгуулах төсөл хөгжүүлэх нь толгой хэт их өвтгөх асуудал болоод буй. Улам бүр өсөж байгаа өртгийг нөхөхөөс гадна цаашдын эрсдэлийг удирдах тал дээр амьсгаа авах боломж олгохоор хэмжээнд зэсийн үнэ товойж тодорсон зүйл алга. “Оюутолгой”-г л авч үзэхэд ил уурхай хүртлээ нэмэлтээр нийт 200 км урт хонгил хэрж барьснаар тогтохгүй авто зам, агаарын тээвэр, цахилгаан дамжуулах шугам, ус хангамжийн дэд бүтэц байгуулсан. Цаашлаад 20 мянга гаруй ажилтанд зориулсан Монголын хамгийн том цайны газар дээр нэмээд цахилгаан станц байгуулахаар найдаж буйг ч хэлээд юу гэх вэ.
Ханбогд сум дахь Оюутолгойн уурхайн ажилчдын кэмп. Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Илүү санаа зовоож буй асуудал бол сүүлийн үед хайгуул нэмэгдсэн ч энэ чиглэлийн зарцуулалт шаардлагатай хэмжээнээс хавьгүй бага байгаа явдал юм. Түүнчлэн илэрч буй ордууд голдуу жижиг, зэрэглэл доогуур байгаа нь хүдэрт агуулагдах металлын хэмжээ ч бага байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл илүү их хүчин чармайлт (хаягдал) гаргаж байж олборлолтын түвшнийг хадгална. Хамгийн сүүлийн томоохон нээлт арваад жилийн өмнө хийгдсэн гэхэд болно. Энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нутаг дэвсгэрт орших тэрбумтан Роберт Фридландын “Ivanhoe Mines” компанийн эзэмшдэг Kамоа-Какула уурхай.
“Уурхайнууд нас нэмсээр, улам л гүнд олборлолт явуулах болж байна. Дээр нь байгаль орчныг хамгаалахтай холбоотой шаардлагууд өөрчлөгдөж байгаатай хөл нийлүүлэх нэмэлт хариуцлага, давхар ачаа оногдож байна. Үүн дээр улс төрийн эрсдэл ч нэмэгдэнэ” хэмээн “Global Mining Research”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Радклифф онцолж байлаа.
Геологич Дуг Кирвиний эргэлзээ яах аргагүй олон жилийн туршлагатай нь холбоотой. 20 гаруй жилийн өмнө түүний баг үлэмж том хэмжээний орд илрүүлсэн нь хожмоо “Rio Tinto”-ийг Монголын зүг хүлгийн жолоо залах шалтгаан болсон юм.
Азид зэсийн орд илрүүлэх даалгавар Фридландаас авсан тэрбээр БНХАУ-д монгол геологичтой санаандгүй таарсныхаа дараа буюу 1996 онд Улаанбаатар хотод хөл тавьжээ. Тухайн үед Монгол Улс ЗХУ-ын дагуул улс байхаа больж, коммунизмыг дөнгөж халаад байв. Түүнд амласны дагуу Монгол орон хайгуулын боломжоор дүүрэн, ёстой л геологичдын диваажин байлаа. Ялангуяа 1980-аад оны дундуур өмнийн говьд “Оюу Толгой” орчмоос эхний илэрцүүд олдоод байв.
Уул уурхайн аваргуудын нэг “BHP” компанид хожмоо худалдагдсан “Magma Copper” компани 1990-ээд оны дундуур говьд хайгуул хийж эхэлжээ. Компани эргээд энэ чиглэлд анхаарал хандуулах шийдвэр гаргах үед Дуг Кирвин “Оюутолгой”-н хайгуулын лицензийг авах ажлыг хариуцсан байна. Фридланд тэрхүү цаг үеийг юм юм давхацсан цаг хэмээн нэрийдсэн нь бий. Тэрбээр хурдтай хөдөлж, улмаар өрөмдлөгийн үр дүнд дэлхий дээрх хамгийн том өндөр агуулгатай зэсийн уурхайнуудын нэгийг нээж илрүүлсэн түүхтэй.
Ийнхүү шинээр нээгдсэн нөөцийн хэмжээ олны анхаарлыг татаж, 2006 онд “Rio Tinto” компани Фридландын компанийн хувьцаанд хөрөнгө оруулжээ. 1990-ээд онд “Voisey’s Bay” хэмээх никелийн аварга том ордын төслөөр нэрд гарсан түүний зогсоо зайгүй сурталчилгаа ч дээрх үйл явдалд нөлөөлсөн байна.
“Энэ уурхай бол эргэлзээгүй “Rio Tinto”-ийн зорьж тэмүүлдэг төсөл байсан. Том хэмжээтэй, зэрэглэл өндөр, урт хугацааны, үйл ажиллагааны зардал бага гээд сонирхолд нь нийцсэн” хэмээн 2010 онд “Rio Tinto”-ийн Монголыг хариуцсан захирал Дэвид Патерсон онцолж байлаа.
Гэвч замнал нь дардан байсангүй. “Rio Tinto” эзэмшлээ нэмэх хэрээр Төлөөлөн Удирдах Зөвлөлд нь асуудал үүсэв. “Rio Tinto”-ийг тус уурхайг бүхэлд нь эзэмшихээс сэргийлж Фридланд хорлонтой хамгаалалтуудыг хийж байлаа. Улмаар “Rio Tinto” ялагдсан байдаг. Харин дараа нь ил уурхай болон төслийн эхний шатан дээр гавьяа байгуулсан Роберт Фридланд асар их мөнгөний асуудалтай хоцорчээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, III сар. Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Оюутолгойн талаарх мэдээ Монголын сонин хэвлэлүүдийн гол сэдэв болж байсан тэр үед Оюу Толгойн хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газар хооронд томоохон ан цав үүсэж эхлээд байлаа. Монгол Улсын Засгийн газар төслийн 34 хувийг эзэмших бөгөөд үүнд ногдох хөрөнгө оруулалтаа хүүтэй зээлээр санхүүжүүлэх нь ирээдүйд олох ногдол ашгаас хороохоор байсан бөгөөд төслийн бүтээн байгуулалт хойшилж, түүнийг дагаад ногдол ашиг улам бүр алсарснаар хөрөнгө оруулагч талыг сөргөөр харах хандлага нэмэгдэж эхлэв.
Ингээд тодорхойгүй байдал улам нэмэгдсэний дээр санхүүжилтийн асуудал төвөгтэй болсон ба 2015 онд хийсэн тохиролцооны дүнд тухайн үеийн зэсийн группийн захирал Жан-Себастьян Жак дараа жил нь гүйцэтгэх Захирлаар томилогдов. Цаашлаад дээрх асуудлууд 2019 оны сүүл хүртэл үргэлжилж, техникийн шинжтэй сорилтуудаас үүдэн гүний уурхайн зардал анх төлөвлөснөөс гурав дахин их дүнд буюу долоон тэрбум ам.доллар давжээ.
Тухайн үед “Rio Tinto”-ийг орхиж, үйл явцыг хөндлөнгөөс ажиглаж байсан Патерсон энэ талаар “Талууд төслийг зогсоож чадах хэмжээний хөзөр атгаж байсан. Гэхдээ би тийм зүйл болно гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн өгүүлсэн юм. 2021 оны 12 дугаар сард “Rio Tinto” Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшилд ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэхийг зөвшөөрснөөр дээрх маргаанд цэг тавьсан билээ.
“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх Захирал Якоб Стаусхолм, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар энэ оны гуравдугаар сард гүний уурхайд мөр зэрэгцэн зогсохдоо өнгөрсөн асуудлыг үл ойшоогоогүй, бас энэ талаар онцолж яриагүй билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Rio Tinto" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, III сар Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал, Засгийн газартай хийсэн яриа хэлэлцээний эгзэгтэй сүүлийн шатанд чухал үүрэг гүйцэтгэсэн Б.Болд эрхэм гүний уурхайн нээлтийн үйл ажиллагааны дараа Оюу Толгойн нисэх буудал дээр өнөөгийн улс төрийн шинэ тутам асуудлуудыг хөндөлгүйгээр “Засгийн газарт илүү өргөн хүрээнд ажиллах тал дээр олон боломж бий” хэмээн хэлж байв.
Гэвч төсвийн дарамтаас эхлээд усны хэрэглээ, хог хаягдал зэрэг чухал асуудлууд дээр ардчилсан засаглалтай улс орнууд санал зөрөлдөх нь байдаг зүйл. “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирээдүйд ч маргах, мэтгэлцэх асуудлууд гарч ирнэ гэж бодож байна” гэж байв.
Өөр бусад асуудлууд шийдлээ хүлээж байгаа гэхэд болно. Rio Tinto Оюутолгойг эрчим хүчээр хангахдаа БНХАУ-аас импортлох бус Монголд цахилгаан станц барих шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа юм. Түүнчлэн зэсийн баяжмалыг шууд авто замаар экспортлохоос илүүтэй дотооддоо зэс хайлуулах үйлдвэртэй болох сонирхолтой байгаа ба үүнийг ажил хэрэг болгоход их хэмжээний санхүүжилт шаардагдахын зэрэгцээ усны хэрэглээ өндөртэй байх юм. “Riо Tinto” ч энэ асуудалд нааштай хариу өгөөгүй байгааг дурдууштай.
Чили зэрэг улс орнууд дотооддоо илүү их үнэ цэн шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, нөөцөө хамгаалахад анхаарахын зэрэгцээ нийгмийн чиглэлийн зарцуулалтад шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд татвараа эргэн харж буй энэ үед яг л дээрхтэй төстэй шаардлагууд цаашид уул уурхайн томоохон компаниудад тавигдахаар байна.
Панамд л гэхэд засгийн газартай ойлголцолд хүрээгүйгээс болж “First Quantum Minerals” компани “Cobre Panama” уурхайгаа зогсооход хүрээд байгаа юм.
Гэхдээ ингээд дуусахгүй. Уул уурхайн компаниудад тулгарах улам бүр яггүй болсоор буй техникийн сорилтуудын тод жишээ нь “Оюу Толгой” төсөл болж байна. Хувьсгалын бэлэг тэмдэг болж мөнхөрсөн Эрнесто Че Гевараг хөдөлгөсөн, 100 жилийн настай Чилийн түүхэн ил уурхай болох “Чукикамата” хүртэл газрын гүнд тэлж байна.
“Rio Tinto”-ийн таамаглаж буйгаар олборлолтоо бүрэн хүчин чадлаараа явуулж эхэлснээр дэлхийд дөрөвдүгээрт жагсах “Оюу Толгой” уурхай нь ордын гүнд нь нэвтрэх боломж олгодог “блокчлон олборлох” нарийн төвөгтэй арга ашигладаг. Хүдрийн биетийн доогуур малталт хийж, тэслэхэд хүдрийн биет нурна. Үүний дараа хүдрийг цуглуулж, бутлан туузан дамжуургаар газрын гадарга руу хүргэдэг.
Хуучны ордуудтай харьцуулахад нөөц багатай томоохон ордуудад зардал багатай аргаар олборлолт хийх моод дэлгэрч байгаа ч техникийн хувьд сорилт хэвээр буй. “Rio Tinto”-ийн хувьд блокчлон олборлож болдгийг нээсэн. Гэсэн ч анхны хөрөнгө оруулалт ихээр шаардагдсан байдаг аж.
“Энэ технологийг ашигладаг компаниуд бараг гарын таван хуруунд багтана” хэмээн Сиднейд төвтэй хөрөнгө оруулалтын фирм болох “Barrenjoey”-ийн туршлагатай шинжээч Глин Лаукок хэлсэн юм. Тэрбээр анх Роберт Фридландын хувийн онгоцоор “Оюу Толгой”-д зочилж байжээ.
Rio Tinto-ийн зэсийн группийн захирал Б.Болд өөдрөг хүлээлттэй байна. Мега төслүүдийн хэлцлүүдтэй холбоотой маргаан түгээмэл гэж үздэг түүний хувьд Оюу Толгойн жишээ “Rio Tinto”-ийн хувьд тийм ч онцгой биш бөгөөд өөр хаана ч улс төрийн тогтворгүй байдал зэсийн нийлүүлэлтийг хойш татахгүй ажээ.
Гэхдээ түүн шиг ийм эерэг бодолтой хүн тийм ч олон биш.
Уул уурхайн компаниудад хамаарах бодлогоо шинэчилсэн Чили улсаас гадна Перуг авч үзэж болно. Зэс үйлдвэрлэлийн шинэ давлагаанд чухал үүрэгтэй байна хэмээн тооцогдож ирсэн тус улсын хувьд нийгмийн эмх замбараагүй байдал удаан үргэлжилж, уул уурхайн салбар нь хүнд цохилт аваад байна. Мөн “Rio Tinto” III сарын сүүлээр Перу дахь “La Granja” уурхайд эзэмшдэг хяналтын багцаа “First Quantum” компанид зарахаар тохиролцсон юм.
“Өмнөд Америкт нөхцөл байдал ингэж хүндэрнэ гэж зах зээл хэзээ ч таамаглаагүй. Чили болон одоо Перуд болж буй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тодорхойгүй байдал нь зах зээлийн хэзээ ч тооцоолж байгаагүй ярвигтай асуудлуудыг дагуулсан. Мөн одоо ч энэ асуудлууд шийдэгдээгүй байна” хэмээн Радклиф хэлж байлаа”
Монгол Улсын Засгийн газар зэсээ автомашинд ачаад хил гаргахын оронд нутагтаа хайлуулж боловсруулахыг эрмэлзэж байна. Улс орнууд баялгаа хамгаалж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд илүү их үнэ цэнийг хил дотроо бий болгохыг зорьж байгаа энэ үед бүхий л томоохон олборлогч компаниуд эрэлттэй тулгарах нь гарцаагүй юм. Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Асуудал гэвэл ирээдүйн гол ордууд одоогийн уул уурхайн том компаниудын ихэнх удирдагчдын хүлээж зүрхлэхээс хамаагүй олон эрсдэлийг дагуулж магадгүй байгаа юм. Түүгээр зогсохгүй эхлээд хайгуулалтын зардлыг багагүй хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага гарна.
“90-ээд онд бидний харсантай төстэй зүйл явагдаж байна. Тухайн үед хөрөнгө оруулалтын асар том хомсдол бий болж, технологийн салбар руу бүх хөрөнгө урсаж байсан. Дараагаар нь БНХАУ-д эрчимтэй хотжилт явагдсанаар уул уурхайн салбар эрэлтийн томоохон шоктой ямар ч бэлтгэлгүйгээр тулгарсан. Юу болоод байгааг бүгд мэдэж байсан ч зарцуулалтын талыг нь олж хараагүй” хэмээн Сингапур дахь “Tribeca Investment Partners”-ийн портфель менежер Жон Стовер өгүүлж байна.
Уул уурхайн салбарын гандан бууршгүй хөрөнгө оруулагчдын нэг хэвээр байгаа Роберт Фридландын хувьд үүнтэй санал нэгдсэний сацуу хайгуулын зардлаа босгож, орд илрүүлсэн байлаа ч шинэ уурхайд олборлолт явуулж эхлэхэд шаардагдах нөр их хугацааг багасгах боломж ховор олдохыг анхааруулж байна.
“Оюу Толгой одоо 20 нас хүрч байгаа ч үйл ажиллагаа нь дөнгөж эхэлж байна. Зэсийн үнэ фунт нь гурван ам.доллар, эсвэл 30 ам.доллар хүрэхээс үл хамааран үйл явцыг дорвитой хурдасгах боломжгүй” хэмээн тэрбээр онцолжээ.
Аз болоход өөр сонголтууд бас бий. Тухайлбал: дахин боловсруулалт, эсвэл ядуу агуулгатай хүдэр, уурхайн хаягдал бүтээгдэхүүнээс зэс гарган авах шинэ аргууд байж болно. Орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд “BHP” болон “Rio Tinto”-д бодсон зүйл бий. Гэхдээ улам цойлсоор буй эрэлтийг зохицуулах шаардлагатай үед эдгээрийн аль нь ч нөхцөл байдлыг өөрчилж чадахааргүй байна.
“Одоо үйл ажиллагаа явуулж буй дэлхийн бүх уурхай дэвшилтэт технологи нэвтрүүллээ гэхэд гарц хагас сая тонноор нэмэгдэнэ” хэмээн “Wood Mackenzie”-ийн шинжээч Карл Фирмен хэлж байна. Түүний тооцооллоор 2030-2039 онд зэсийн эрэлт, нийлүүлэлтийн жилийн зөрүү энэхүү тооноос 12 дахин өндөр байх аж.
Агуулга багатай, олборлолт хийхэд хэцүү ордуудын гарцыг нэмэгдүүлэхийн тулд газар доорх робот болон микроб ашиглах гэх мэт илүү футурист аргууд бүр ч эхний буюу бойжих шатандаа яваа аж.
Оюу Толгойн баяжуулах үйлдвэр дэх хөвүүлэн баяжуулах машинууд. Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Өсөн нэмэгдэж буй эрэлт үнийн өсөлтийг улам эрчимжүүлэхтэй зэрэгцэн “Оюу Толгой”-н үйлдвэрлэлийн хүчин чадал дээд цэгтээ хүрэхээр байгаа тул “Rio Tinto”-ийн хувьд мэдээж цаашид юу ч тохиолдсон бай тэр бүгдээс ашиг хүртэгсдийн дунд багтана хэмээн найдаж байна. Компанийн төсөөллөөр тэр үед “Оюу Толгой” дэлхийн зэсийн аваргуудын эгнээнд нэгдсэн байх юм.
Хэдий тийм боловч дэлхий нийтийн уур амьсгалын зорилтыг биелүүлэхийн төлөө эдийн засгийг ногооруулах, эрчим хүчний сүлжээг тэлэх, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шаардлагууд нь илүү олон Оюутолгойг биднээс нэхэж байна.
“Монголд адал явдлаар дүүрэн байсан. Ардчилсан Конго улс ч мөн адил. Гэхдээ үүнийг хийх ёстой байлаа. Ийм хүчин чармайлт гаргаагүй бол эрчим хүчний шилжилт гэдэг зүйл ямар ч боломжгүй, үлгэр төдий болох байв” хэмээн Фридланд өгүүлсэн юм.
Жеймс Фернихоу