Азийн физикийн 23 дугаар олимпиад манай улсад болж байна. Олимпиад онолын болон туршилтын бодлогын хоёр хэсгээс бүрддэг юм байна. Бүх бодлогыг монголын багш нарын баг зохиосон. Зарим улс Европын холбооноос дэмжлэг авах гэх мэтээр бусад улсуудтай хамтарч бодлогоо зохиох тохиолдлууд байдаг гэнэ.
Харин манайхан өөрсдөө “аваад гарчээ”.
Олимпиад эхлэхийн өмнө бодлогууд дээр бүх орны төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлдэг юм байна. “Энэ чинь алдаатай, буруу зөрүү бодлого байна” гэх юм нэг ч гараагүй. 100 хувь хүлээн зөвшөөрөгджээ. Харин ч БНХАУ тэргүүтэй зарим улс “Бодлого хэт хүнд байна” гэсний дагуу туршилтын нэг бодлогыг хассан гэж Монголын багийн багш ярилаа. Дараа нь нөгөө улсуудын төлөөлөл хүрч ирээд “Маш оновчтой, гоё бодлого байжээ. Хасуулсанд уучлаарай. Бодлогууд үнэхээр супер байлаа. Баяр хүргэе” гэсэн байна. Азидаа, олон улсдаа толгой цохьдог улсууд “Монгол физикчид өөр байна” гэж баяр хүргэжээ.
Бас, манай физикчид туршилтын бодлогын багажуудаа өөрсдөө зохиогоод Тайваньд үйлдвэрлүүлж авсан. Азийн физикийн олимпиадад ашигласан нийт 600 багажийг Ерөнхий боловсролын сургуулиудад тарааж, хуваарилж өгнө. Азийн Физикийн Олимпиад 2023 APhO -ийн үр өгөөж олон талаар гарах нь ээ.
Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулж байна. Боловсрол, Шинжлэх ухааны яам, Боловсролын Ерөнхий газар, ажлын хэсэг, багийн бүх гишүүнд баяр хүргэе. Физикчид эх орныг минь хөгжүүлнэ.
Эх сурвалж: Ганзориг Даваа