Шүдээ угаахгүй байх нь таныг үхэлд хүргэх аюултай гэдгийг та мэдэх үү. Шүдээ угаахгүйгээс хүний зүрх өвчилдөг шалтгааныг мэргэжилтнүүд олж мэджээ.
Aмны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цасаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ. Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна.
Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Энэ нян нь ПадА гэдэг уургыг бүрхүүлтэй болохдоо ашиглан цусны ялтастай нэгдэн өөрийн хамгаалалтыг үүсгэдэг байна. Үүнээс харахад ганц нян өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг. Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.
Тиймээс хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүнээс гадна мэргэжилтнүүд цус өтгөрөхөөс сэргийлсэн эмийн бүтээгдэхүүн яаралтай гаргаж авах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. Орчин цагт хүний нас баралтын тоог өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүрх судасны өвчнийг анагаах эм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх уургийг профессор Женкинсон олсон бөгөөд тэрбээр Ирландын мэргэжилтэн Стив Керригантай хамтран ажиллаж байгаа аж. Түүний явуулсан шинэ эм гарган авах туршилтаар дээрх уураг нь цус өтгөрөлтийг зогсоох боломжтой гэдгийг харуулсан байна.