/Reuters/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ засгийн газрууд, орон нутгийн эрх баригч нарт хандан дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг хамарч буй аагим халууны улмаас хүнд хэлбэрийн шинж тэмдэг илрэх эрсдэлтэй хүмүүст хяналт тавих найдвартай тогтолцоог бий болгохыг уриаллаа.
Зүрх судас, амьсгалын замын болон чихрийн шижин өвчтэй, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, орон гэргүй хүмүүс энэ долоо хоногт Европ, Ази, АНУ-ын зарим хэсгийг хамарч буй аагим халуунд хамгийн их өртөмтгий хүмүүст тооцогдож байна.
“Бид нийгмийн хамгийн эмзэг хүмүүст санаа зовж байна. Хэт халууны улмаас тэдгээр хүмүүсийн суурь өвчин хүндэрч болзошгүй” гэж ДЭМБ-ын нийгмийн эрүүл мэндийн газрын захирал Мария Нейра лхагва гарагт сэтгүүлчдэд хэлжээ.
Энэ жилийн хэт халалтын шалтгааныг “Эль Нино” үзэгдэл гэж үзэж байгаа ч дэлхийн дулаарал байдлыг улам дордуулж, дэлхий даяар цаг агаарын эрс тэс нөхцөлийг үүсгэж байна.
Зарим улс оронд хэт халж байхад Өмнөд Солонгосын төв болон өмнөд бүс нутгуудад аадар бороо орж, мөн Энэтхэгийн хойд хэсэгт зургаадугаар сард борооны улирал эхэлснээс хойш үер, хөрсний гулгалтын улмаас 100 гаруй хүн амиа алдаад байна.
Д.Жаргал