Өвөг Монгол угсааны хүмүүс болох Монголчуудад олон өвөрмэц онцлог буй. Монголчууд бүхий л түүхийнхээ туршид тоогоор цөөхөн байжээ.
4000 гаруй жил зэрэгцэн, хил залгаа оршин байсан хятадууд гэхэд л нийтийн тооллын эхэн үед 50 орчим саяуулаа байв.
Одоогоос 3600 гаруй жилийн өмнө Монголчууд анхныхаа төр улсыг (Хүннү) байгуулжээ.
Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчид, анчид байсан нь хүн амын өсөлтөнд нь нөлөөлсөн байж болох юм.
Амьдралын хүнд нөхцөл, хахир уур амьсгалын нөлөө гэж байнаа!
Өвөл, зунгүй л байгалийн бэрхшээлд өртдөг, өдөр шөнөгүй л мал маллагааны хөдөлмөрт цаг наргүй зүтгэдэг, хүнс тэжээлийн хомсдолд байнгад шахам нэрвэгддэг, элдэв аюул, осолд их ордог, шөнийн цагт ч тухлан унтах боломжгүй шахам зэрэг олон нөхцөл, шалтгаан Монголчууд тооны өсөлтөнд муугаар нөлөөлж байжээ.
Гэхдээ Монголчууд цөөхнөөсөө болж бусдын доор орж байсангүй. Харин цөөхөн атлаа байнгад шахам л хүчирхэг явжээ.
Ингэхлээр Монголчууд тоогоор цөөхөн ч гэсэн онцгой өвөрмэц, сондгой содон ард түмэн юм.
Юуны өмнө л бог, бод малын гэршүүлж, өсгөж чадсан, мөн уналга, ачилганд сургаж эдлэншүүлж чадсан ухаан, соёл Монголчуудад хамаатай.Малаас авах бүтээгдэхүүний олон нэр төрөл, боловсруулах соёл ч мөн тэдэнтэй холбогддог.
Энэ талаарх олон бүтээлийн анхдагч эзэд нь Монголчууд. Жишээ нь модон эмээл, төмөр дөрөө, хазаар (жолоо, цулбуур) мэтийг Монголчууд л анх зохион бүтээж хэрэглэсэн байх магадлал нэн өндөр.
Археологийн олдвор, хадан дээрх сүг зургууд энэний нотолгоо болдог. Эмээл дөрөө гэхэд л Европод их орой хэрэглэгдэх болжээ.
Ан амьтдыг холоос, зайнаас агнахад зориулагдсан зэвсгүүдийн ихэнхи нь мөн л Монголчуудын бүтээл болов уу.
Шинэ чулуун зэвсгийн үеийн зарим нэгэн ололт ч мөн л тэдэнтэй холбогддог. Чулуун зэвсэг нь бараг л төмөр мэт ур, хийцтэй байжээ.
Соёлын төгс төгөлдөр нэгэн бүтээл болох гэр сууц ч мөн л Монголчуудтай холбоотой…
Хүч чадлаараа хүнийг илт давамгайлах боломжгүй, дунд зэргийн жин, хэмжээтэй араатанг сонгон авч гэршүүлсэн соёл ч гэсэн Монголчуудтай холбогдож яригддаг.
Энэ бол саарал чоныг сонгон авч, гэршүүлж, зүсийг нь хувирган дөрвөн нүдтэй улаан халтар банхар болгож өөрчилсөн ухаан, соёл юм.
Үр төлөө гэх, ботгондоо тэмүүлэн буйлах, бүр уйлан дуулан, уянгалуулан буйлах ингэн тэмээний дууг сонсож өссөн Монгол хүний сэтгэл тун ч уяхан, туяхан байдаг даа.
Яг ийм сэтгэл шинж олон олон угсаатанд байдаггүй.
Унаган байгалийнхаа оргинал дуу авиаг сонсож өснө, амьдрана гэдэг сайхан заяа, тавилан юм.
“Суваа, саадгийн (хонь, хурганы) нийлэх их майлааныг сонсоход архаг ядаргаа тайлагддаг” гэсэн үг байдаг даа…
Бараг бүх өдөр нь хурц нартай, цэлмэг тэнгэртэй, зөөлөн салхитай байдгаас болж л Монголчууд жартхайдуу нүдтэй болсон байх.
Энэчлэн тоочоод байвал (морь, бөх, нум сум, урт хормой, ханцуйны нудрага гэх мэтээр) олон олон өвөрмөц, онцгой, сондгой зүйлүүд бий л дээ.
II мянганы суутныг тодруулахад “Монгол эр хүн” нэрлэгджээ.
Байгалиас авч төрсөн бие, эрхтэн, нийгмээс олж авсан эрдэм, чадал, туулсан амьдрал, бүтээсэн гавьяа, үйлдлээр нь, үлдээсэн үр дагавраар нь үнэлсэн, дүгнэсэн байх л даа.
Мянганы цуутан, мянганы хүнтэй өөр угсаатан (үндэстэн) одоогоор алга байгаа нь содон, сондгой юм.
Нэгдүгээр мянганы суутан, гуравдугаар мянганы суутан гэсээр10-р мянганы хүн гэж тодруулж болох байх. Дараа нь энэ 10 хүнээс сүүлийн 10 мянганы суутан гэж онцолж нэгийг нь нэрлэж ч болох байх.
Мянганы хүнтэй болсныгоо ашиглаад энэ шалгаруулалтыг Монголчууд хийж ч болох юм шүү.
Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэг дээ! Бид ч бас тэгэх нь зөв байх. Нэгдүгээр мянганы хүн гэж алга, бас гуравдугаар мянганы хүн тодрох болоогүй.
Ингэхлээр бид онцгой байдлын ижилгүй эзэд юм. Энэ давуу байдлаа ашиглах ёстой.
Бид онцгой том баялагтай, бусдад байхгүй эрдэнэтэй гэсэн үг. Энэ баялаг, энэ эрдэнээ 1000 жил (3001 он хүртэл) ашиглах боломж буй.
Оюу толгойн эрдэнэс гэхэд л 1000 жил ашиглагдахгүй шүү дээ…
Мянганы суутны унасан газар, угаасан ус, хөлд орж, хэлд орсон нутаг, тарж бутарсан Монголчуудаа нэгтгэсэн аян дайны зам, Их Монголын хаанд өргөмжлөгдсөн газар орон, Монголын эзэнт гүрнийг хүчлэн бүтээх их үйлсийн гарааны цэг, маршрут… гээд л жуулчдыг хөтлөөд явчих “үл давтагдах боломж” бидэнд буй юм.
Ганцхүү энэ бүхнийг биежүүлэх, баримтжуулах, дэд бүтцээр хангах, үдлэх хонох тав тухтай цэгүүдийг буй болгох, “үзэх, сонирхох зүйлээр баян, идэх уух зоогоор ч арвин, саатах зугаацах юмсаар ч дүүрэн” болгож тохижуулах хэрэгтэй.
Мянганы суутантай танилцах, жишээ сургамж авах, биеэрээ ирж үзэх, сонирхохоос татгалзах хүн гарах уу?
Монголын унаган төрхөөрөө шахам хадгалагдсан байгаль, байнгын цэлмэг тэнгэр, отор-билчээрийн мал аж ахуй, 100 хувь эко мах, сүү, айраг, тараг, цэвэр тунгалаг ус, агаар, дээр нь нэмээд 2-р мянганы суутан Чингис хааны үйл амьдралд холбогдох музей, үзмэрүүдэд татагдахгүй аялагч, жуулчин гэж байх уу?
Мянганы суутны хэрэглэж байсан эдлэл юмс, зэр зэвсэг, орд өргөө тэр цаг үеийн хаад, жанждын, бас ноёд, хатадын хувцас, чимэглэлийг сэргээн бүтээж, дэлгэн үзүүлэх боломж байгаа билээ.
Төр засгаас онцгой анхаарах аваас, жуулчдын баазууд хүч хавсран оролцох аваас Монголчууд бид мянганы суутнаа ч дэлхийд зөвөөр сурталчилж чадна, Монгол орноо ч алдаршуулж чадна, аялал жуулчлалаас олох ашиг ч ихэд арвижна. Хэрэгжүүлж чадвал том боломж.
Чингис хааны угсаа гарал, намтар түүхийг өгүүлсэн “Монголын нууц товчоо” номыг дэлхий даяараа мэддэг дээ.
Энэ ном дахь сонин, хачин бүхнийг биежүүлэн, дүрсжүүлэн, зураглан үзүүлэх аваас жуулчдад тун ч их таалагдах байх.
Ингээд бодохлоор Мянганы хүний маань амьдрал, үйл ажиллагаа төрөхөөсөө эхлээд л тодорхой юм шүү дээ.
Яаж нэхэн сэргээх, ямар байдлаар үзүүлэх, хэрхэн үнэмшилтэй, урлагтай дүрслэх вэ гэдэг нь чухал юм.
Чингис хааны улстөрийн үйл ажиллагаа, цэрэг-дайны үйл ажиллагаа нь хүн төрөлхтөнг нэгэн хөлөг онгоцны зорчигч болгож, Ази, Европыг холбож, ойртуулж, шашин хоорондын дайн, хямралыг зогсоож, даяарчлагдах процессын эхлэлийг тавьсан гавьяаг нь жуулчдад таниулах, ойлгуулах нь чухал болно.
Мянганы суутнаа Монголчууд бид л дэлхийд зөвөөр ойлгуулж, гавьяа, зүтгэлийг нь дэлгэн харуулж, их хүмүүн мөнийг нотлох үүрэгтэй, бас боломжтой билээ.
Аялал, жуулчлалаас олох их орлого Монголчууд бидэнд л үлднэ.
Аялал, жуулчлал бол мөнхийн шахам орлогын эх булаг.
Нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүч, таван хошуу мал, усалгаатай газар тариалан, нэмээд аялал, жуулчлал-энэ салбаруудын үйл ажиллагаа Монголчууд бидний амьдралын түвшинг мөн ч их дээшлүүлнэ дээ.
Бусад салбарын талаар энд хэргээр дурьдсангүй. Тэгээд ч ихэнх нь түр зуурын, үл сэргээгдэх, байгаль орчинд сөрөг үр дагавартай, ирээдүй муутай шүү дээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав