Шил ажиллагааны хүрээнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг https://shilen.gov.mn/ нээлттэй мэдээллийн системд байршуулсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тодруулбал барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан Улсын комиссын нийт 8,404 дүгнэлт тус системд ил тод байршуулсан байна.
15 жилийн хугацаанд Улсын комисс аймгуудад барилга байгууламжийг ашиглалтад оруулах 4,721 дүгнэлт гаргасан бол нийслэл хотод 3,683 дүгнэлтийг гаргажээ.
Барилга байгууламжийн бүтэц технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр нь ангилдаг байна.
Энэ хүрээнд нийслэлд тав хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564, 16-аас дээш давхар буюу онцгой төвөгшилтэй барилгад 57 дүгнэлт гаргаж ажилласан байна.
Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11,668 барилга 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгосон байна.
“Барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна”
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шил” ажиллагаагаар тавдугаар сард хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна.
Голын ай сав, голдирол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрстэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа” гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг хүлээн авсан улсын комиссын талаар “Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Жишээ нь, голын ай савд баригдсан барилгыг хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газрын албан тушаалтан байнга оролцож, гарын үсгээ зурж ирсэн байна.
Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно.
Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм” гэлээ.