Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны өндөр даваанд үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Тус шинжилгээний хариуг өнөөдөр мэдээллээ.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын тухай хууль болон үүнтэй нийцүүлж гарсан дүрэм журмуудаар Үндэсний их баяр наадамд ДӨРӨВ түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах хуультай.
Нийт 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Өнөөдөр хариу ирсэн. Нийт 32 бөхөөс нэг бөх допинг илэрсэн нь тогтоогдсон.
Одоогоор нэр зарлах боломжгүй. 32 шинжилгээ нь долоодугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шинжилгээнд орж эхэлсэн. Үүнээс 10 хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 27-нд эхний хариу ирсэн. Үүнээс хойш эргэлзээтэй шинжилгээний хариуг дахин дахин нягталж эцсийн хариу өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 21-нд ирсэн. Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн гэх урьдчилсан хариу ирсэн. Энэ хариуг тухайн бөхөд танилцуулна. Тухайн бөх өөрийнхөө эрхийн дагуу дараагийн шинжилгээнд орох эсэх шийдвэрээ гаргана. Дараагийн шинжилгээний хариуг тухайн бөх өөрөө гаргана. Энэ бол ШӨВГӨРСӨН бөх байгаа” гэлээ.
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Д.Мөнхболд“А, Б сорьц нь хоёулаа шинжилгээний төвд очсон байгаа. Түүнээс А сорьцыг онгойлгоод эхний шинжилгээний хариу гарсан. Хэрэв тамирчин өөрөө А сорьцын шинжилгээгээ зөвшөөрөхгүй гэвэл Б сорьцоо нээгээд шинжилгээгээ хийлгэх боломжтой” гэлээ.