Өчигдөрхөн хурлын үеэр цайлж байгаа бичлэг
нь олон нийтэд тарснаас болоод УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэр хүнд шороотой
хутгалдчихлаа. Олон нийтийн түүнийг тайлбар хийхийг ихээр шаардсан. Гэхдээ л
ямар тайлбар хийх нь ойлгомжтой байв. Тухайлбал, ажил ихтэй цайгаа ч ууж
амжихгүй явлаа, эсвэл тархи толгой өвдөөд, эм уугаад өл дарсан юм аа гэх зэрэг
тайлбарыг өгнө гэж таамаглаж байсан.
Тэгвэл news.mn сайтад өгсөн ярилцлага даа яг л таамаглаж байсан
тайлбарыг өгсөн байна. Тэрээр \”Маш
завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм… Олон хуралд дарааллан суусан… Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах
байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа
шокладны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх
ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ” гэсэн тайлбарыг өгчээ.
Олон нийт гишүүдийг хоол цай эргүүлээд
яваасай гэж хүсдэггүй. Тэр мэдээж. Гаргасан шийдвэр захирамж, хууль тогтоол нь
амьдралд хэрэгжиж, сайн сайхан амьдрахыг л хүсч, тийм амлалт өгсөн хүнийг
өөрийг нь төлөөлүүлэхээр төрд сонгодог. Гэтэл ажил ихтэй учраас цай ч ууж
амжсангүй гэх тайлбараар өөрийн алдааг хаацайлаад өнгөрч болмооргүй.
Өчигдөр \”эмэгтэй гишүүд яагаад бохь зажилж,
кофе ууж, боорцог идэж болдоггүй юм бэ” гэж өмөөрсөн сэтгэгдлүүд цахим хуудсанд
их бичигджээ.
Бохь зажилж, кофе уухыг бүгд л чадна. Харин
биднээс өөр байж, бидэнд тулгарсан асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд л тэд түмнээ
төлөөлж, төрд ажиллаж байгаа. Улс төрчийн ёс зүйгээс гадна хувь хүний ёс зүй
гэж байх хэрэгтэй болов уу. Жирийн иргэдээс ялгагдах үнэлэмж тэдэнд байх ёстой.
Тэгэж байж л иргэдийнхээ хүндлэлийг авна. Тэгэж байж л дэлхийн түвшинд хүлээн
зөвшөөрөгдөж, улс орноо дэлхийн түвшинд хөгжүүлж чадна.
Бидэнтэйгээ зэрэгцээд л хурлаа хийж
чадахгүй хоол цай эргүүлээд явбал хаанаас ямар хөгжлийг эрэлхийлэх вэ дээ.
Тэгээд ч хичээл дээр \”утсаар ярьж болохгүй”
гэдгийг дунд сургуулийн сурагч ч мэддэг ёс зүйтэй болчихсон. Гэтэл наад захын \”ийм
ёс зүй” суугаагүй, төлөвшөөгүй хүмүүс улс удирдах хэрэгт хутгалдаад, манараад, хоол
цайндаа ч орж чадахгүй байна гэж төвөгшөөгөөд явах юм.
Бүх л гишүүд хурал чуулганд суудаг. Тэд ч
бас цайндаа ч орж амжихгүй яваад болоод л байсан. Завтай үе байхад завгүй үе ч
тохионо. Жирийн иргэнийг ажилд ороход нь \”ажлын ачаалал даах чадвартай юу”
гэсэн шаардлагыг тавьдаг даа. Гэтэл улс удирдаж буй хүнээс энэ зэргийн
шаардлага тавьж болохгүй гэж үү.
Тэгээд л сонгогчдынхоо өөдөөс харчихаад л
цайндаа ч орох завгүй явлаа. Толгой өвдөөд шоколат идэж байсан юм аа гээд
тайлбарлаад байх утгагүй биз дээ.
Шар
хүү
Үндэстэн агентлаг