Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна.
Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм.
Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан бол өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж байгааг судлаачид тогтоогоод байна.
ЦЭВДЭГ ЭРГЭН НӨХӨН СЭРГЭДЭГГҮЙ
Иймд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон Улсын байгууллагуудын Монгол улсад хэрэгжүүлж буй ажлын үр дүн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, Монгол орны бэлчээрийн төлөв байдалд гарсан өөрчлөлт, нөхөн сэргээх шийдлүүдийн талаар чиглэлийн яамд, олон Улсын байгууллагууд, орон нутгийн төлөөлөл хэлэлцэх юм.
НҮБ-ЫН ХХААБ /FAO-50/ ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэн орсон ба энэ онд 50 жилийн ойн хамтын ажиллагаа тохиож байгаа ба ойн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг хамтатган хийж байна.
НҮБ-ын ХХААБ нь өнгөрсөн хагас зуун жилд Монгол улсын засгийн газартай хамтран монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн 200 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Төслийн үйл ажиллагааны чиглэлүүд нь байгалийн нөөцийн тогтвортой менежмент, мал аж ахуй, газар тариалан, онцгой байдлын менежмент, даван туулах чадвар, шинжилгээ судалгаа, статистик, шинэ технологи инновац дамжуулалт, бодлого, эрх зүйн орчин, хүнсний чанар, аюулгүй байдал, шим тэжээл юм.
Монгол Улс газрын доройтол, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна.