Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс худалдан авч сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 31 хүртэлх 45 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхөд нэгэн зэрэг хэрэглүүлж туршилт хийх бодлогоо танилцуулсан. Гэвч энэ нь олон нийтийн шүүимжлэлд өртсөн учраас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцжээ. Улмаар 177.5 бус 32.5 тэрбум төгрөг зарцуулан БНХАУ-аас хагас кокс худалдан авч сайжруулсан түлш үйлдвэрлэж туршилт хийхээр болжээ.
Сайжруулсан түлшний туршилтад зарцуулах мөнгийг багасгасан учраас Улаанбаатар хотын нийт гэр хороолод бус Хан-Уул дүүргийн Нисэх, Яармагийн орчим, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн гэр хорооллын 26825 айл өрхөд шинээр үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг арванхоёрдугаар сарын 15-наас хэрэглүүлж туршилт хийхээр болжээ. Үүнд шаардлагатай 24500 тонн хагас кокс болон асаагчийг худалдан авахад 32 тэрбум төгрөг зарцуулах юм байна.