Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Их Монгол Улсын Гүюг хаанд Папын элч санваартан Жон Плано Карпини бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан.
Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй.
Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай.
Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.
“Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис