Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон энэ онд 60 жилийн ойтойгоо золгож байна.
Түүхт ойн арга хэмжээгээ тэд “Сонгодог жаран” цэнгүүнээр эхлүүлэх гэж байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэв. Мөн нэгэн жарны түүхийг өгүүлэх баримтат кино хийх, сэтгүүл гаргах зэрэг олон арга хэмжээ хийхээр төлөвлөжээ.
“Сонгодог жаран” цэнгүүн 2023 оны есдүгээр сарын 9-ний 20:00 цагт Сүхбаатарын нэрэмжит талбайд нээлттэй болно.
Ийнхүү 60 жилийн түүхтэй сонгодог театрын ойн арга хэмжээ аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Тухайн үеийн Хөгжимт драмын театрыг нарийн мэргэжлийн дуурь балетын театрт байвал зохих мэргэжилтэй боловсон хүчин, уран бүтээлчдийг бэлтгэж, байшин барилга, материал техникийн бааз сууриа бүрдүүлэн хангасан тул МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1963 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг Улсын Дуурь бүжгийн театр, Улсын Драмын театр гэсэн бие даасан хоёр театр болгох шийдвэр гарснаар одоогийн УДБЭТ үүссэн түүхтэй.
УДБЭТ нь 1963 оны тавдугаар сарын 15-ны П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар хөшгөө нээж байжээ.