100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн
хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах
боломж бүрдлээ.
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий
Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг
дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай
зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан
гэрээ байгууллаа.
Дүүргийн шинэ удирдлагуудын зүгээс ажлаа аваад хамгийн
эхэнд уурхайн асуудлыг хуулийн хүрээнд албажуулах ажлыг судалж, хэд хэдэн удаа
уурхайчидтай уулзалт зохион байгуулах, газар дээр нь очиж нөхцөл байдалтай
танилцсаны үр дүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжихээр
болж байгаа аж.
Одоогоор Налайхын нүүрсний уурхайд 100 орчим аманд 1200
гаруй уурхайчид ажилладаг тооцоо судалгаа бий.
Уул уурхайн салбарт анхдагч нэгдэх Налайхын уурхай хувьд
гарснаас хойш уурхайн хөгжил, түүх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах
зэргээр тэргүүлэгч байх ёстой атал одоо л бичил уурхайн хэлбэрт орж ажиллах
эхлэл тавигдаж байна.
Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг
зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг
хариуцлагатай хамт олон болгож төлөвшүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах,
хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм.
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд албажиснаар
эзэнгүй орхигдсон ам цооногуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх,
бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримталж ажиллах, хүний амь
нас, эрүүл мэнд хохирох асуудал буух хаяг, буцах эзэнтэй болох зэрэг давуу
талууд бүрдэж байна.