Пакистаны зүүн хойд нутагт хүний эрхтэн наймаалдаг сүлжээний найман гишүүнийг баривчилсан тухай цагдаа нар мэдээллээ.
Уг сүлжээний толгойлогч гэж үзэж буй эмч мэргэжилтэй Фавад Мухтарыг 300 гаруй хүнээс бөөрийг нь авч, чинээлэг захиалагчдад шилжүүлэн суулгасан гэж буруутгаж байна. Тэрбээр өмнө нь ажилдаа хайхрамжгүй хандсан хэргээр таван удаа баривчлагдаж байсан боловч тухай бүрд батлан даалтаар гарч байжээ.
Холбогдох албанынхны мэдээлснээр, эд эрхтнийг нь шилжүүлэн авах үеэр хамгийн цөөндөө гурван хүн амиа алдсан байна. Уг сүлжээг зүүн нутгийн Пенжаб муж болон Пакистаны мэдлийн Кашмир мужид үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж байгаа аж.
Эрхтэн шилжүүлэн авах ажиллагааг хувийн сууцанд хийдэг байсан бөгөөд ихэвчлэн өвчтөнд мэдэгдэхгүйгээр хийдэг байсан гэж Пенжаб мужийн тэргүүн сайд Мохсин Накви мэдээлжээ. Түүнчлэн Ф.Мухтарын хийдэг мэс ажилбарт нэгэн авто засварчин тусалж, эмзэг, ядуу дорой өвчтөнүүдийг эмнэлгээс олоход тусалдаг байсан гэх мэдээлэл байна.
“Дараа нь бөөр нэг бүрийг 10 сая рупи /120 мянган ам.доллар/ хүртэлх үнэ хүргэж зарсан. Бидэнд зүрх шимшрүүлэм тоон баримтууд бий. Эрхтэн шилжүүлэх хууль бус мэс ажилбарууд үүнээс ч олон хийгдэж байгаа. Энэ хэрэг бол ердөө бидний олж илрүүлсэн нь л юм” гэж М.Накви хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Пакистанд 2010 онд хүний эд эрхтний худалдааг хуулиар хоригложээ. Баривчлагдсан хүмүүст оногдуулах шийтгэлд арав гаруй жилийн хорих ял, их хэмжээний торгууль зэрэг багтаж байгаа бөгөөд ийм шийтгэл оногдуулснаар ашиг хонжоо хайсан эмч нар, зуучлагчид, хүлээн авагчид, доноруудыг хилийн чанад дахь үйлчлүүлэгчдэд эд эрхтэн наймаалахыг зогсооно гэж найдаж байна.
Гэсэн хэдий ч иргэд цалин багатай, хуулийн хэрэгжилт муу байгаагаас шалтгаалан тус улсад эд эрхтний наймаа газар авчээ. Энэ оны нэгдүгээр сард алга болсон 14 настай хүү газар доорх лабораториос бөөрийг нь шилжүүлэн авсан байдалтай олдсоны дараа Пенжабын цагдаа нар хүний эрхтний наймааны өөр нэгэн гэмт бүлэглэлийг илрүүлсэн байна.