Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.
Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд оруулжээ. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа юм. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.
Хоёрдугаарт, одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг.
Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болох талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.