Энэ оны аравдугаар сарын 23-нд МҮХАҮТ-д Интернэт худалдааны анхдугаар чуулга уулзалтыг \”Bayar agency\” болон МҮХАҮТ, Нийслэлийн Mэдээллийн технологийн газар хамтран зохион байгуулах болно. Энэ талаар тус арга хэмжээг зохион байуулагч \”Bayar Agency”-ийн захирал С.Баярсайханаас тодрууллаа.
-Монголд анх удаа интернэт худалдааны чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Манай улсад интернэт худалдааны хөгжил ямар түвшинд байгаа вэ. Энэ арга хэмжээ цаг үетэйгээ хэр нийцэж байнавэ?
-Манай улсын ихэнхи ААН, төрийн байгууллагууд интернэт сүлжээгээр дамжин онлайнаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд яаж хүргэх гэдэг рүү тэмүүлж байгааг та бүхэн анзаарч мэдэрч байгаа. Гэхдээ бидэнд туршлага байхгүйгээс алдаа оноо бас байна. Гэхдээ үүнд олон шалтгаан байгаа. Энэ салбар цааш хөгжихөд бид том системээр нь харах хэрэгтэй. АНУ, барууны орнуудыг жишиг болгохоос илүүтэйгээр БНХАУ, ОХУ хоёр хөршөө харах нь зөв.
Энэ үйл ажиллагааг бид урт хугацааны төлөвлөгөө болгоогүйгээс одоо ямар байгааг бүгд мэдэж байгаа. Гол алдаа нь бид судалгаа шинжилгээгүй муйхараар хандаж ирсэн. Тиймээс энэ чуулга уулзалт цаг үеэ мэдэрсэн, хөгжих, эс хөгжих үү гэсэн зааг дээр байгаа зүйлийг том зургаар нь гаргаж ирэхээр зорьж буй учраас чухал арга хэмжээ болно гэж найдаж байна.
Манайд интернэт худалдаа хөгжиж байна уу гэхээс илүү хөгжих нөхцөл бүрэлдсэн үү гэж асуувал тохиромжтой. Тийм нөхцөл үүссэн. Хөгжүүлэхэд нөлөөлж буй гол төлөөллүүд гэвэл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, банк, онлайн төлбөр тооцоо, логистик, даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамж, цахим маркетингийн салбарууд байна.
Интернэт худалдаа хөгжихэд нөлөөлж буй бас нэг зүйл нь хууль тогтоомж юм. Тиймээс нэгэнтээ манай улсад үүсчихээд байгаа нөхцөл байдлыг ярилцах учир энэ чуулга уулзалт цаг үеэ олсон байх. Хэрвээ арай өмнө зохион байгуулсан бол нийгмийн эрэлт хэрэгцээ, оролцогч талуудын идэвхи сул байх байлаа.
-Та интернэт худалдаан дээр юуны өмнө хоёр хөршөөс суралцах гэлээ. Тэд том зах зээлтэй орнууд. Харин манайх шиг улсад интернэт худалдаа яаж хөгжих вэ? Өөрийн гэсэн онцлог байна уу? Нэг ёсондоо давуу болон учир дутагдалтай талууд нь юу байна? Ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Бид барууны хөгжлийн загваруудыг шууд хуулсны хор уршиг нь өнөөдөр эдийн засгийн баялгийн тэгш бус хуваарилалтаар харагдаж байна. Хятад Улсад интернэт худалдаа хөгжихөд барууны загвар ажиллахгүйг баталсан жишээ бол \”eBay” байна. Тухайн үед \”eBay” барууны арга барилаар Хятадын зах зээлд ажиллаад улмаар амжилтгүй, ашиггүй ажиллах болсон. Харин \”Алибаба” эсрэгээр нь \”eBay” дээр хийгдсэн маркетинг, борлуулалтын идэвхижүүлэлтийг яг эсрэг нь хийснээр зах зээлээ тэлсэн түүхтэй.
Бидний гол алдаа бол гадны загварыг шууд хуулдаг. Тиймээс бид Монголд тохирсон загварыг гаргах хэрэгтэй. Манай чуулга уулзалтанд Хятадын төлөөлөгчид оролцож илтгэл тавих тул тус улс дэлхийн зах зээлд хэрхэн гарсан тухай мэдэж авч болно. Ер нь бид цаг үеэсээ түрүүлж сэтгэж гадны зүйлийг хуулбарлахаасаа илүүтэйгээр одоогийн нөхцөл байдалдаа тохируулан системийг бүрэн эргэлдүүлэх ёстой.
Интернэт худалдаа гэхээр бид зөвхөн бодит биет барааг онлайнаар худалдан авах гэж ойлгож болохгүй. Та бидний бага ахуйдаа хэрэглэдэг байсан зүйлс одоо бүгд онлайн болж хувирлаа. Жишээ нь, ухаалаг утсан дахь апликешнуудыг хар. Интернэт худалдаа нь үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, банк, онлайн төлбөр тоо, логистик, даатгал зэрэг бүх салбарыг хамарч эдийн засгийг хүчирхэг болоход нөлөөлдөг. Урд хөршид үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд том бизнесүүд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх гол суваг нь \”Аlibaba” боллоо. Энэ тухай ярьвал платформ эдийн засгийн тухай ярих болно. Төр ч бай, хувийн хэвшил ч бай бүгд л онлайн болох нь эцсийн зогсоол байх болно.
Эцэст нь хэлэхэд МҮХАҮТ, нийслэлийн Мэдээллийн Технологийн газар хамтран зохион байгуулж байгаа манай конференц интернэт худалдаа хөгжүүлэхээр зорьж буй хүмүүс мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна бизнесийн хамтрагчид болох боломж олгох юм. Тиймээс та бүхнийг урьж, ирэх 10 жилийн цаадахыг харж, олон бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, бизнесээ дэлхийн зах зээлд өргөжүүлээрэй гэж ерөөе.