Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд айлын байшинд түймэр гарч, долоон иргэн амь насаа алдсан хэрэг гарсан. Галыг хоёр цаг 30 минутын хугацаанд унтрааж, ЦЕГ-т хэргийг шилжүүлсэн аж.
Энэ талаар НОБГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан “Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд гал гарч, мэдээлэл шуурхай удирдлагын төвд 03.48 цагт дуудлага ирсэн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 26 дугаар анги очсон. Ангиас гурван км зайд гал гарсан байсан. Тухайн анги хугацаа алдалгүйгээр очсон. Хүн бөх унтаж байх үед буюу 3-4 цагийн хооронд гарсан учир гал сөнөөгчдийг очиход гал аль хэдийнэ тархсан байсан. Мэдээлэл их хожуу өгсөн гэсэн үг л дээ. Нэмэлтээр Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 18 дугаар анги ажилласан. Тухайн түймрийг унтраахад хоёр цаг 30 минут ажиллаж, бүрэн унтраасан.
НОБГ-аас 30 албан хаагч, дөрвөн автомашин ажиллаж унтраалаа. Гал түймрийг бүрэн унтрааж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар хүлээлгэн өгсөн. Одоогийн байдлаар хэргийн газрын үзлэг хийж байна. Үзлэг дөнгөж хийгдэж байгаа тул галын шалтгаан тодорхой бус байна. Шатсан байшин нь мансардтай, залгаа гражтай өвлийн байшин байсан. Гадуураа тоосгоор өнгөлсөн. Мөн 3-4 метрийн зайд бас байшин байсан бөгөөд тийшээ гал тархсан байна. Гэхдээ онцгойгийнхон авран хамгаалж ажилласан. Тухайн орчимд нийт 12 хүн байснаас долоо нь амиа алдаж, тавынх нь амийг аварсан” гэлээ.
Иймд галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, амь нас эд хөрөнгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.