МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Энэ долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төсөв дагасан 21 хууль, найман тогтоолын анхны хэлэлцүүлгийг пүрэв, баасан гарагт хийх чиглэлтэй байна.
НӨАТ-ыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ асуудлаар санал боловсруулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдүгээрт хуулийн төсөл байнгын хороо санаачилна. Эсвэл Засгийн газар чиглэл өгч хуулийн төсөл өргөн барих ёстой. Ойрын үед шийдвэр гараад явах байх гэж бодож байна. Одоо улсын төсвийн хууль өргөн баригдаад явж байна. УИХ-д төсвийн орлого нэмэх эрх байхгүй. Үүнийг Засгийн газар өргөн бариад явах боломжтой.
Хотын дарга түгжрэл, хот төлөвлөлттэй холбоотой хууль санаачилсан. Хотын төвд төлбөр төлж зорчих эсэх нь иргэдийн эрх ашигийн асуудлыг хөндөж байгаа тул өргөн баригдсаных нь дараа МАН-ын бүлэг дахин хэлэлцэнэ. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн энэ асуудлыг олон талаас нь сайн ярилцах ёстой.
Цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн хоолны асуудал дээр тодорхой санал БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсруулж байгаа. Нэмэгдүүлнэ гэвэл улс төрийн шийдвэр заавал гаргаж байж шийдэгдэх асуудал. Бүлэг, засгийн газрын хуралдаан дээр энэ талаар яригдаагүй байна.
Хүүхдийн мөнгө гэдэг нь маш эмзэг гэдгийг бид 9 хувийг олгох олгохгүй гэдэг дээр асуудал үүссэнээс харж мэдэрсэн. Хүүхдийн мөнгөний 50 хувийг үдийн хоол болгоно гэх асуудал яригдсан байна лээ. Хүүхдийн мөнгө дээр тун болгоомжтой хандах ёстой гэв