Израил-Хамасын дайн эхлээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Ойрхи Дорнодод өнгөрөгч аравдугаар сарын 7-нд дахин хурцадмал байдал эхэлсний дараа Газын зурваст амь насаа алдсан хүмүүсийн тоо 10 мянга давлаа гэж Аль Жазира Газын зурвасын Эрүүл мэндийн яамыг иш татан мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь үрэгдэгсдийн 4104 нь хүүхэд байжээ.
Израилын цэргийн хүчин агаарын болон хуурай замаар довтолгоогоо үргэлжлүүлж байгаагийн улмаас Газын зурваст амиа алдагсдын тоо нэмэгдсээр буй. Тэгвэл Газын зурваст нэн даруй гал зогсоох асуудлыг хэлэлцэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай хуралдааныг аравдугаар сарын сүүлээр зарласан бөгөөд энэ үеэр Израил, Палестинаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд нар үг хэлэв.
Гал зогсоох асуудлаарх тогтоолын төсөлд хүмүүнлэгийн тусламжийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хүргэх, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх, хариуцлага тооцохыг Палестины тал уриалсан байна.
Эх сурвалж: Аль Жазира