Өнгөрсөн хоёр сард инфляцын түвшин 10 хувиас дээш байсан бол эргэн буурч, Төв банкны зорилтот түвшин рүү дөхөөд байна.
Аравдугаар сард Монгол Улсын инфляц есөн хувьтай гарснаар сүүлийн 23 сард хоёр дахь удаа нэг оронтой тоонд орж байна. Харин өмнөх сартай харьцуулахад 0.3 хувь байлаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн онд эрчимтэй өсөж байсантай харьцуулахад өсөлт саарсан дүр зурагтай байна. Тухайлбал: гол жин дардаг хүнсний барааны бүлгийн үнэ 14.4 хувиар, мөн улирлын онцлогоос шалтгаалсан боловсролын үйлчилгээний үнэ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 17 орчим хувиар тус тус өссөн байна.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард хүнсний барааны бүлгийн үнэ 16.1 хувиар өсжээ. Махнаас бусад дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн 29.1 хувиар өсөж, инфляцад үзүүлэх нөлөө өндөр байсан аж.
Ялангуяа гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ жилийн 34.9 хувиар өссөнийг Монголбанк онцолж байсан юм.
Монголбанк инфляцыг 2023-2024 онд жилийн зургаан хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна. Цаашид төсөв тэлэх, уул уурхайн бус үйлдвэрлэл идэвхжихээр байгаа тул 2024 он хүртэл эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэнэ гэж Монголбанк үзэж байгаа юм. Мөн ирэх оны төсвийн зардал нэмэгдэх, дотоод хүнсний инфляц цаашид буурахгүй байх эрсдэлүүд байсаар байгааг тодотгож байна.