ХҮН намын эдийн засагч гишүүд 2024 оны улсын төсвийн төсөлтэй уншиж танилцжээ.
-Ирэх оны улсын төсөвт инфляцыг 6+-2 хувь гэж тооцоолжээ. Төсвийн зардал ийм өндөр байхад 8 хувийн инфляц боломжгүй. Төсвийн зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмэхэд инфляц нэг хувиар өсдөгийг Монголбанк судлаад тогтоосон. Ирэх онд улсын төсөв 5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр инфляц одоо байгаа дээрээ 5 хувиар өсөх нь. Ирэх онд инфляц 15 хувь байх болов уу. Тэгэхээр иргэдийн бодит орлого буурна гэсэн үг.
Улсын төсвийг ихээхэн тэлсэн тул мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй болдог. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд Монголбанк хатуу бодлого явуулна гэсэн үг. Одоо бодлогын хүү 13 хувь байна. Бизнес хийдэг, хөрөнгө оруулдаг хүмүүсийн банкнаас авах зээлийн хүү өндөр хэвээр байна.
Төсвийн өндөр зардлыг авлига, хулгай дагадаг. Ногоон автобусыг үнэтэй шахдаг, хуурамч барааг өндөр үнээр авдаг бизнес үргэлжлэх нь. Хувийн хэвшлийг дэмжих төсөв болж чадсангүй.
Төрийн өмчит компаниудын зарим хэсгийг олон нийтэд нээлттэй болгох төлөвлөгөө огт алга. Засгийн газар хувийн хэвшлийг дэмжинэ гэдэг ч төсвөөр дамжуулан хувийн хэвшлийнхэнд орон зай гаргаж өгөөгүй гэв.