БНСУ 11 дүгээр сард эхлэхээр төлөвлөж байсан хуванцар соруулыг хориглох төлөвлөгөөгөө тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Улс орнууд нэг удаагийн бүтээгдэхүүний хэрэглээг халахыг зорьж буй энэ үед БНСУ цаасан аяганы хоригоо эргэн цуцаллаа. Тус улсын Засгийн газар кафе, ресторануудын санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөх үүднээс үйлчлүүлэгч сууж үйлчлүүлэх тохиолдолд цаасан аягаар үйлчлэхийг зөвшөөрсөн байна. Мөн 11 дүгээр сард эхлэхээр төлөвлөж байсан хуванцар соруулыг хориглох төлөвлөгөөг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
БНСУ-д 2021 оноос ресторан, кафе, түргэн хоолны газарт нэг удаагийн цаасан аяга хэрэглэхийг хориглоод байсан юм. БНСУ-ын Засгийн газар 2030 он гэхэд 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд нэг удаагийн аягыг аваад оронд нь нөхөн төлбөр өгөх системийг нэвтрүүлэхээр ажиллаж байжээ.
Дээрх шийдвэр нь дэлхийн бусад орны авч буй арга хэмжээтэй харьцуулахад эсрэг чиглэлд авсан арга хэмжээ болж байна. Тухайлбал: Их Британи аравдугаар сараас нэг удаагийн халбага, сэрээ, таваг зэрэг ахуйн хэрэглээний зүйлсийг хориглоод байгаа юм. Англид л гэхэд жилд 1.1 тэрбум нэг удаагийн аяга, таваг, 4.25 тэрбум нэг удаагийн хуванцар халбага, сэрээ хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг аж. Эдгээрийн зөвхөн 10 хувийг л дахин боловсруулдаг байна. Түүнчлэн 2020 оны намар Их Британид хуванцраар хийсэн соруул, чихний хөвөн үйлдвэрлэхийг мөн хориглож байв. Шотланд, Уэлст ч нэг удаагийн гал тогооны хэрэгслийг хориглоод байна.
Далай, тэнгис дэх хог хаягдлын 80 гаруй хувийг хуванцар эзэлдэг. Нэг удаагийн хуванцар хэрэглэлүүд богино хугацаанд хэрэглэгдэж хаягддаг тул олон удаагийн хэрэглэлүүдийг бодвол байгаль орчин, далай тэнгист хог хаягдал болон хуримтлагдаж, далайн амьтан болон хүний эрүүл мэндэд ихээхэн аюул учруулж байгааг Европын комисс анхааруулж байгаа юм.