УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цeмeнт шохой” үйлдвэрийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.
-Маргааш шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Энэ хэлэлцүүлгээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цeмeнт шохой” үйлдвэрийг төрийн өмчөөс хувийн компанид шилжүүлсэн асуудлыг хэлэлцэнэ.
Томоохон хулгай, луйврын схемийг шүүх хурал болох гэж байна. Хохирогчийг төлөөлж өмгөөлөгч н.Буяндаваа, Мөнхзаяа нар энд ирсэн. 2019 оны гуравдугаар сард тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын луйврын схемийг анх дэлгэрэнгүй танилцуулсан. Ингэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг мөн энэ схемээр худалдан авчээ. Гэвч эдгээр хэрэг шүүхийн шатанд очоод гацдаг, шүүх хурал хойшилсоор байна. Энэ бол сүүлийн 30 жилийн хамгийн олон оролцогчтой, хамгийн төвөгтэй, ойлгоход хэцүү хэрэг. Учир нь УИХ, Засгийн газар оролцсон.
Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй, төрд их хэмжээний хохирол учруулсан.
Юу болоод өнгөрсөн талаар би эргэн сануулъя. Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийг төр буцаан авсан. 2011.01.12-ны өдөр Зам тээвэр хөгжлийн сайд Х.Баттулга Хөрөнгө оруулалтын гэрээг ажлын хэсэг байгуулсны үндсэн дээр “Бэйзмэнт” гэх цоо шинэ компанид худалдсан. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь ХХБ-ны томоохон хувьцааг эзэмшлэг Д.Эрдэнэбилэг байсан. Энэхүү цаасан дээрх компани Хөгжлийн банкнаас нэг жилийн дотор 61 сая ам.долларын зээл авчээ. Үүний 40 сая ам.долларыг ХХБ, УБ хотын банк руу шилжүүлсэн. Үлдсэн 21 сая ам.долларыг гадагшаа шилжүүлсэн байна.
2015 онд З.Энхболд УИХ-ын дарга байхдаа төрийн өмчит, томоохон компаниудыг хувьчлах шийдвэр гаргаж, жагсаалт баталсан. Ингэхдээ “Цемент шохой” үйлдвэрийг хөрөнгө оруулагчтай шууд гэрээ байгуулан шилжүүлэх УИХ-ын тогтоол гаргасан байна. Төр өмчөө хувьчлахдаа сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр үнэ санал болгосонд өгөх ёстой. Гэвч УИХ тогтоол гарган, Засгийн газарт чиглэл өгөхдөө “Цемент шохой”-г хөрөнгө оруулагчид нь шууд шилжүүл гэжээ.
Ингээд гурван сарын дараа энэ компанийг хувьчилсан. Тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар Т.Сугар ажилласан. Одоо энэ компани ямар байдалд байгааг бид мэднэ. Тус компани Хөгжлийн банкнаас авсан 61 сая ам.долларын зээлээ одоог хүртэл төлөөгүй, төрд их хэмжээний хохирол учруулсан. Анх зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 8.1 хувийн хүүтэй авсан. Нэг ч төгрөг төлөөгүй. Нийт хохирол 660 тэрбум төгрөг болсон. Энэ бол цоо шинэ Боинг онгоц худалдан авах хэмжээний, их мөнгө.
Мөн дээрх гурван компанийг 2012-2016 оны хооронд хувийн хэвшилд шилжүүлжээ. Сонгуулийн өмнөх өдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2011 онд байгуулсан. Төрийн өмчийн хорооны дарга Т.Сугар QSC компанитай энэ гэрээг байгуулжээ. Гэрээнд Дарханы үйлдвэрт 41 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тусгажээ. Энэ үйлдвэрийг Концессын жагсаалтад оруулсан. 2013 онд Концессын хуулийг баталж, урт жагсаалтыг Засгийн газар баталсан. Концессоор өгсөн төрийн өмчүүд ямар байдалтай байгааг бид мэднэ. Концессын гэрээг Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайд Б.Батбаяр байгуулжээ. Энэ гэрээнд QSC Дарханы төмөрлөгийг 30 жил эзэмшин, авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам, гангийн цогцолбор барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр үүрэг хүлээсэн.
“Эрдэнэт” үйлдвэр манай ДНБ-ий 6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын 9.4 хувийг эзэлдэг.
Ингээд нэг жилийн дотор авто болон төмөр замаа тавьж, цахилгаан дамжуулах шугамыг барьсан. Төмөртэйн ордын төмрийн хүдрийг ашиглахын тулд эдгээр дэд бүтцийг барьжээ. Үүний дараа гэрээний нөхцөлөө өөрчилж, барих-ашиглах-шилжүүлэх байсныг барих-шилжүүлэх болгожээ. Ингээд 30 жилийн хугацаатай байсан гэрээг өөрчилж, нэг жилийн дараа улсын төсвөөс 240 тэрбум төгрөг гаргуулсан. Энэ үйл явдал 2016 оны хоёрдугаар сард болсон. Гангийн үйлдвэрээ бариагүй. Гэхдээ төмрийн хүдрийг хуурай аргаар баяжуулан сүүлийн 7 жилд маш их хэмжээгээр олборлосон. Сонгуулиас өмнө гэрээг өөрчлөх, төсвөөс мөнгө гаргуулах ажлуудыг хийжээ.
“Эрдэнэт” үйлдвэр манай ДНБ-ий 6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын 9.4 хувийг эзэлдэг. Энэ үйлдвэр Монгол Улсыг 40 жил тэжээсэн, дахин 70 ажиллах нөөцтэй. Энэ үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Ростех”-ээс 2016.06.20-ны өдөр худалдан авсан. Цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр яагаад Эрдэнэттэй холбогдов?
Шохой, Дарханы ган бөмбөлгийг “Эрдэнэт” үйлдвэр худалдан авдаг, эдгээр нь тус үйлдвэрийн гол түүхий эдүүд юм. Стратегийн ач холбогдолтой хэмээн төр 1983 онд “Цемент шохой”, 1194 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахын тулд 400 сая ам.доллар хэрэгтэй болсон тул Концессын гэрээндээ өөрчлөлт оруулсан. Энэ мөнгөний 72.9 хувь нь төрийн мөнгө байсан. Маргааш болох шүүх хурлаар энэ асуудлыг ярих болов уу. хэрэв 400 сая ам.долларыг хувийн хэвшил хуулийн дагуу бүрдүүлсэн бол асуудал үүсэхгүй байв гэв.