Өнгөрсөн ням гарагт Бразилын Аракуаи хотод 44.8 хэм хүртэл халсан нь арваннэгдүгээр сард агаарын температур дээд цэгтээ хүрч халсан үзүүлэлт болжээ.Гэхдээ энэ долоо хоногт энэ их халалт бага зэрэг буурах төлөвтэй байгааг цаг уурчид хэлж байгаа аж.
Бразил улс даяар 100 сая гаруй хүн хэт халалтад ямар нэг байдлаар нэрвэгдээд байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд дуучин Тэйлор Свифтийн тоглолтыг үзэх гэж очсон нэг үзэгч амиа алдсан.
Улмаар дуучин бүсгүй Рио де Жанейро хотод хийх байсан тоглолтоо цуцалсан юм. Зохион байгуулагчдын хэлснээр амиа алдсан иргэн цэнгэлдэх хүрээлэнд байхдаа бие нь муудаж, тусламж хүссэн. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч цагийн дараа нас баржээ.
Тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс хэт халалтыг дэлхийн дундаж температурын өсөлт, түүнчлэн цаг уурын өөрчлөлтөд хүргэдэг “Эль Нино” үзэгдэлтэй холбон тайлбарлаж буй юм.
Дэлхийн зарим хэсэгт “Эль-Нино” үзэгдлээс үүдэлтэй ган гачиг болдог бол зарим хэсэгт нь хүчтэй аадар бороо ордог. Хэдэн жилд нэг удаа ажиглагддаг энэ үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн гадаргын усны хэмийг эрс дээшлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2018-2019 онд ажиглагджээ.
Эх сурвалж: ВВС