Сүүлийн үед Хятадын хойд бүс нутагт амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) санаа зовж байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг эрх баригчдаас нь хүсэж байсан билээ.
Тэгвэл Ням гарагт Хятадын эрүүл мэндийн яам уг дэгдэлтийн ард ямар нэг шинэ төрлийн вирус илрээгүйг мэдэгджээ.
Энэ удаагийн дэгдэлтэд ердийн томуугийн вирус, риновирус, амьсгалын замын синситиал вирус (Respiratory Syncytial Virus), аденовирус болон “mycopasma pneumonaie” гэгддэг бактерийн халдвар тархалт давхацсан нь нөлөөлсөн гэж уг мэдэгдэлд тайлбарласан байна.
Өвчний тархалтыг хязгаарлахын тулд “Эмнэлэг, эмчилгээний зай талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах, эмийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ”авах үүргийг орон нутгийн албаныханд өгсөн тухай Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн мэдэгджээ.
Мөн тархалт өндөр байгаа орон нутгийн иргэдэд амны хаалт зүүх, удирдлагуудад олон хүн цугларсан арга хэмжээнүүдийг хязгаарлах арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
ДЭМБ өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчдаас амьсгалын замын өвчний дэгдэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг нийтэд нээлттэй хүссэн нь ховор тохиолдол байлаа.
Ийм хүсэлтийг ихэвчлэн нийтэд мэдэгдэлгүй дотоод шугамаар тухайн улс оронд мэдэгддэг юм.
Эндээс харвал 2019 оны сүүлээр Ухань хотод шинэ коронавирусийн халдвар тархахад нээлттэй, ил тод ажиллаагүй гэсэн шүүмжлэлд ДЭМБ болон Хятадын эрх баригчид аль аль өртөж байсантай холбоотой бололтой.
Энэ удаагийн дэгдэлт нь коронавирусийн цар тахлын хорио цээрийг цуцалсантай шууд холбоотой гэж Хятадын тал тайлбарлаж байна.
Дэлхийн зарим улс орнуудад хорио цээр цуцлагдсаны дараа ердийн ханиад томуугийн вирусийн тархалт нэмэгдэх үзэгдэл ажиглагдаж байжээ.
Эх сурвалж: Associated Press