Олны сэтгэл бодлыг татаж, түмний анхааралд өртөнө гэдэг шилдэг бүтээлийн нэгэн онцлог болой.
Түүний сайн, муу талыг нийгэм нийтээрээ, хэлэлцэхэд хүргэнэ гэдэг тухайн уран бүтээлийн чанар чансааг л илтгэж буй хэрэг… Муухан бүтээл бол хэний ч анхааралд өртөхгүй усанд хаясан чулуу шиг л ор мөргүй алга болдог ….Лондонгийн Колизеум театрт тавьсан жүжгийн талаар английн жирийн үзэгчид үнэндээ сайхан хүлээж авч,бишрэн шүтснээ ярьж байхыг бид бүгдээрээ л интернетээс харлаа.
Лондонгийн дэлхийд зартай төвийн хэвлэл,сонинууд ч монголын уран бүтээлд анхаарлаа хандуулж нилээд олон нийтлэл,өгүүлэл гаргасан нь бас нэр төрийн хэрэг… Хаа ч газрын шүүмж судлаачид уран бүтээлийн сайн мууг шүүн тунгаах нь тэдний үүрэг байдаг.
Хорвоод хаана ч төгс юм гэж байдаггүй тул тэр зарчмын хүрээнд л английн цөөн тооны шүүмжлэгчид мэрэгжлийн дүгнэлтээ өгсөн.
Харин үүнийг нь тосож аваад л уран бүтээлчдээ гутаах, харлуулах, хараах, улмаар атаархал, атга санаагаа өөрийн эрхгүй гарган, тавлаж сэтгэлийнхээ ханамж авах мэт бидний зарим нэг хүн авирлаж байх юм.
Тухайлахад, “…улсаа нүдний булай болголоо… Лондон явсан хэд одоо ирж хайрла! … шившиг ч гэх шиг цуурхаж буй хүмүүс үүгээрээ харин ч өөрсдийгөө л хэн болохоо түмэнд харуулав.
Гадаадын хүний хэлсэн, ярьсан бүхэн зөв байдаг юм шиг, Монголчууд болохлоор ердөө л гэгээрээгүй, соёлгүй тэнэг хүмүүс болж таардаг, харийнхний өмнө бөхөлзөх уйвагүй ийм сэтгэлгээ манайхны дунд үе үе цухалзах юм даа… Мэдээж, манай уран бүтээлчид английн хэвлэлд гарсан нийтлэлүүдээс авах гээхээ мэднэ.
Гэтэл шар хүний өмнөөс хар хүн гэгчээр гадаадын хэвлэлд гарсан зүйлийг хальт мулт сонсоод л хэдэн уран бүтээлчдээ бүр доромжлох, дэвслэж байж санаагаа амраах байдалтай хандаж буй атаархал жөтөөрхлийн хэнээтэй хүмүүс байдгийг хараад харамсмаар, гутмаар …
монголынхоо бүтээлийн сайныг нь гэхээсээ зөвхөн муугий нь хардаг донтой тэд хошгироод довноосоо хаа хүрэх билээ… харин ч “Тамгагүй төр” жүжиг Соёлт ертөнцид цахиур хагалж, монголоо сурталчилж чадсан шүү…
Англичуудын мэдэх эмгэнэлт жүжгийн хэвшмэл ойлголтыг нь эвдсэн, монголынх гэх үндэсний өвөрмөц онцлогтой эмгэнэлт жүжгийг үзээд тэд гайхшрах нь зүйн хэрэг.
Ямар сайндаа л ”Монгол Хаан” бүхий л утгаараа ёстой жүжиг”, ”Монгол хаанаас илүү гаргуут гарамгай нь үгүй”, ”Лондонд ингэсэн удаа ер үгүй…ханьцашгүй мэлмийн тоглолт”, “Өвөрмөц дуурьлиг жүжиг. ямархан адал явдал гээч нь энэ вэ?”, “Лондонгийн өөр хаанаас ч ийм зүйл олж үзэхгүй, хэмээн “Beyond the Curtain”, ”Culture Whisper”, ”Theatre Weekly”, “The arts desk.com”, ”Time out” зэрэг английн нэр хүндтэй хэвлэл сонингууд гайхширч дуу дуугаа авалцан бичихэв дээ.
Үнэндээ уг бүтээлд европынхны төсөөлж байгаагүй зөвхөн монгол найруулагч, уран бүтээлч л сэтгэх тайзны өвөрмөц шийдлүүд бий.
Өөрийн гэсэн бусдаас онцлогтой үндсэний эмгэнэлт жүжгийг манай ардын зохиолч Бавуугийн Лхагвасүрэн бичэж хойч үедээ үлдээсэн гавьяатай, харин европынхны эмэгнэлт жүжгийн дэг жаягийг дагалгүй монгол хүний сэтгэлгээгээр найруулагч Б.Баатар уг бүтээлийг дэлхийд таниулав.
Энэ бол гайхалтай ололт, үгүйсгэх аргагүй том амжилт!
Цаашид ч таван тивийн урлагийн дэвжээг монголын олон олон уран бүтээлчид эзэгнэх болно. Ер нь ч хорвоод Монголын соёлын галт тэрэг аль хэдүйнээ хөдөлчихсөн шүү дээ…
Италийн алдарт Ла Скала, Санкт-Петербургийн Александрийн театр, Австралийн Сидней дэхь дуурийн театр, Чайковскийн нэрэмжит концертийн их танхим, Нью-Иоркийн Карнеги холл, Токиогийн концертийн заал, үзэсгэлэнгийн танхмууд гээд дэлхийд цуутай газруудад монголын дуу хуур эгшиглэж, зураачид үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж, олон улсын кино их наадмуудад манай дэлгэцийн бүтээлүүд оролцсоор байна…
Монголчууд авьяас билгээрээ хэнээс ч дутхааргүй тэнгэрлиг ард түмэн!
Монгол Улсын Соёлын
Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч
Дэмчигдоржийн Мягмарсүрэн