Налайх дүүргийн 5 хорооны нутаг
дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан Засаг
даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Хорио цээрийн дэглэмийн бүсэд
ариутгал халдваргүйжүүлэлт хэр хийгдэж байгаа, нөхцөл байдал ямар байгаа талаар
дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 01 сарын 31-ны өдөр газар дээр нь очиж
танилцлаа.
Хорио тогтоогоод 9 хоногийн
хугацаанд 3 пост гарган ажиллуулсан бөгөөд цэцэг өвчнөөр өвчилсөн нь тогтоосон
хонийг устгалд оруулан, вакцинжуулалт ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимтэй
хийж байна.
Тус бүсэд Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс 3 эмч, Цагдаагийн хэлтсээс 3 албан хаагч, \”Бөх-Мо” мал эмнэлгээс 4 эмч нийт 22 хүн,
7 автомашин техниктэй үүрэг гүйцэтгэж байна.
Хорио цээрийн бүсэд байсан малын гоц халдварт цэцэг өвчин туссан
60 гаруй хонийг устгалд оруулж ариутгал хадваргүйжүүлэлт хийжээ. Одоо
ЗХ-ний ангийн хэсэгт байгаа пост ажиллан орж гарч байгаа тээврийн хэрэгсэл, ажилтан, албан хаагчдад өглөө оройд ариутгал,
халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж байна.
Дүүргийн 3 мал эмнэлгээс тус бүсийн болон дүүргийн
нийт хонь малд цэцэг өвчний вакциныг хийх ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байгаа аж.
Хорио цээрийн бүс, ариутгал халдваргүйжүүлэлтийн
пост, нөхцөл байдалтай дүүргийн Онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу өдөр
тутам шалгаж, мэдээллийг авч ажиллаж байна.