PISA 2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улсын тухайд энэ үнэлгээнд анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцсон юм.
Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтсан.
Цаасан болон компьютерт суурилсан хэлбэрээр үнэлгээг зохион байгуулдаг. Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрийг сонгосон юм. PISA нь сурагчид суурь боловсрол эзэмших хүртэлх хугацаанд /15 нас хүртэл/ боловсролын байгууллагаар дамжуулан олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг юм.
Ингээд 1.5 жилийн туршид боловсруулалт хийж судалгааны үр дүнг зарласан. Энэ үр дүнгээр Монгол улс 81 орноос
- Математик 47 дугаар байр
- Унших чадвар 65 дугаар байр
- Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.
PISA үнэлгээний даалгаврууд нь Монгол сурагчдын тухайд цоо шинэ зүйл байв. Учир нь олон улсын үнэлгээ сурагчдыг сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлох зорилготой учир даалгаврын тавил бидний мэддэг шалгалтын даалгавраас өөр байдаг.
Математикийн хичээлийн тухайд Монгол үнэлгээнд хамрагдсан нийт улсын дунджаас 2.3 жил, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна. Математикийн сорилуудад хамрагдсан Монгол сурагчид тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд математикийн мэдлэгээ хэрэглэх, учир шалтгааныг илрүүлэх чадвараар сул үнэлэгджээ.
Унших чадварын тухайд 81 орноос 65 дугаарт эрэмбэлэгдсэн. Уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх, эргэцүүлж бичих, дүгнэлт хийх ур чадвар тааруу гэж дүгнэжээ. Oлон улсын дундаж хэмжээнээс 5 орчим жил, Азийн дундаж хүүхдүүдээс 2.5 жилээр хоцорч байна.
Байгалийн ухааны үнэлгээгээр манай сурагчдыг байгаль, технологийн аливаа үзэгдлийг тайлбарлах, асуудлуудыг шийдэхэд шинжлэх ухаанч эрэл хайгуул хийх, өгөгдөл мэдээллийг тайлбарлах ур чадвар сул гэж дүгнэсэн байна. Монгол сурагчид олон улсын дунджаас 3 орчим жилээр, Азийн хүүхдүүдээс 1.8 жилээр хоцорчээ.